Б.Асад:Бид Оросын тусламжтайгаар ”Исламын улс” ялна
- 2015-10-22
- Дэлхий
- 0

Сирийн Ерөнхийлөгч Б.Асад мягмар гаригт Москва хотноо айлчилж, Оросын Төрийн тэргүүн В.Путинтэй хэлэлцээр хийжээ. Уулзалтын явцад Сири улс Оросын тусламжтайгаар алан хядагчдыг ялж чадна хэмээн найдаж байгаагаа Б.Асад илэрхийлсэн байна. Хариуд нь Ерөнхийлөгч В.Путин Оросын тал алан хядагчидтай тэмцэх үйл хэрэгт төдийгүй тус улс дахь улс төрийн үйл явцад боломжийн хэрээр хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгээ өгүүлжээ. Сирийн Ерөнхийлөгч аливаа цэрэг дайны ажиллагааны араас улс төрийн алхмууд хэрэгжүүлэх ёстой гэдгийг хэлсэн аж. “Сирийн ард түмэн ирээдүйгээ хэрхэн төсөөлж буй нь бидний нэгдсэн зорилго болох ёстой” хэмээн Б.Асад мэдэгдсэн бол В.Путин Сирийн хямралыг шийдвэрлэхэд тус орны ард түмний сонголт гол үүрэгтэй гэдгийг хэлжээ. “Харамсалтай нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсуудаас гаралтай 4000 гаруй хүн Сирийн нутагт Засгийн газрын цэргийн эсрэг байлдаж байна. Бид тэдгээр хүмүүсийг байлдааны туршлага олж авч, үзэл суртлын нөлөөнд автсаныхаа дараа Орост эргэж ирээсэй гэж хүсэхгүй байна” хэмээн Оросын Ерөнхийлөгч мэдэгджээ. Б.Асад Ерөнхийлөгч В.Путинтэй жижиг болон өргөтгөсөн хүрээнд хэлэлцээр хийсэн гэдгийг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков ярьсан байна. Мөн Оросын Засгийн газрын гишүүд хэлэлцээрт оролцож, өргөн хүрээтэй олон асуудлыг хэлэлцсэнийг хэвлэлийн төлөөлөгч өгүүлсэн аж. “Алан хядах бүлэглэлүүдтэй хийж буй тэмцэл, Оросын цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх, Сирийн армийн давшилтад дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Оросын Ерөнхийлөгчид Сири дэх нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Мөн хоёр талын харилцааны олон асуудлыг хөндсөн” хэмээн Д.Песков тайлбарлажээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)