Оросын онгоц осолдож, гашуудлын өдөр зарлалаа

 

        Оросын иргэний агаарын тээврийн “Когалымавиа”компанийн “ЭйрбасA321” онгоц бямба гаригт Египетийн нутаг дахь Синайн хойгт осолдож, 224 хүн амь насаа алдсан билээ. Египетийн Шарм-эль-Шейхээс Санкт-Петербург хотноо хүрэх нислэгт 212 зорчигч, нисэх багийнхны хамт зорчиж явсны 25 нь бага насны хүүхэд байжээ. “Исламын улс” бүлэглэл уг онгоцыг сөнөөсөн гэдгээ мэдэгдсэн ч мэргэжилтнүүд үүнд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Египетийн Ерөнхий сайд онгоцны осол техникийн шалтгаантай байх магадлалтай хэмээсэн аж. Гэсэн ч ослын шалтгаан тодорхой болтол “Эмиратс”, “Эйр Франс”, “Люфтханза” зэрэг нисэхийн томоохон компаниуд Синайн цөл дэх байлдааны бүсийн дээгүүр нислэг хийхээ түр зогсоосноо мэдэгджээ. Онгоцны хар хайрцгуудийг ослын газраас олсон тул сүйрлийн шалтгааныг ойрын хугацаанд тогтоох боломжтой аж. ОХУ-ын Санкт-Петербург хотноо зорчигчдын ар гэрийнхэн цуглаж, эмч нар хохирогчдыг хэн болохыг танихад туслах зорилгоор тэднээс ДНК-ийн шинжилгээг авсан байна. Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 1-ний өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)