Хятад, Тайванийн удирдагчид 49 жилийн дараа уулзана

 

         Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпин болон Тайванийн Ерөнхийлөгч Ма Ин жү нар ирэх бямба гаригт Сингапурт уулзахаар болжээ. Энэ уулзалт нь цагтаа нэгдмэл байсан хоёр орны удирдагч 1949 оноос хойш уулзах гэж буй анхны тохиолдол юм. Хятадын тал энэ уулзалтаар ямар нэг гэрээ байгуулахаар төлөвлөөгүй ба хэлэлцээрийг “Нэг Хятад” гэсэн зарчмын хүрээнд зохион байгуулна гэдгийг “Синьхуа” агентлагаас мэдээлсэн байна. Хятадад 1949 онд иргэний дайн дуусч, Гоминьдан намынхан Тайвань руу оргон гарч, тус орон хоёр хуваагдсан түүхтэй. Тайваньд 2008 онд Ма Ин жү Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа хоёр талын харилцаа сайжирсан. Тайваньд бүх нийтийн сонгууль болохоос гурван сарын өмнө энэ уулзалт болох гэж байна. Энэ нь Хятадын тал Тайванийн бие даасан байдлыг хадгалахыг дэмжигч намын төлөөөлөгч Цай Ин Вен хатагтай Ерөнхийлөгч болохоос сэргийлж буйн шинж тэмдэг хэмээн “Би Би Си”-гийн шинжээч дүгнэжээ. Ца овогт Хятадын удирдагчидтай уулзах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн ч татгалзсан хариу авсан аж. Цай Ин Вен өмнөх засаг захиргааны үед эх газрын Хятадтай хамтын ажиллагаа хөгжүүлэх ажлыг хариуцаж байхдаа арлын тусгаар тогтнолыг бэхжүүлэхийг оролдсон нь Хятадын эрх баригчдад таалагдаагүй байна. Хятадын төр, засгийн удирдлага Тайванийн иргэдэд нөлөө үзүүлэхийг оролдож болох ч энэ нь эсрэг үр дүнд хүрэх эрсдэлтэй юм. Хоёр талын эрх мэдэлтнүүд уулзаж ярилцах нь ховор ба Хятадын тал иймэрхүү уулзалт нь Тайванийн бие даасан байдлыг бататгана хэмээн үздэг. Хоёр талын харилцаанд эмзэг сэдэв тул удирдагчдын нэг нэгэндээ“Эрхэм Си”, “Эрхэм Ма” хэмээн албан тушаалыг нь дурдалгүйгээр харилцахаар төлөвлөж буйг Хятадын талын албаны нэгэн эрхмийн хэлсэн байна. Ма Ин Жү тэргүүтэй Гоминьданы намынхан Хятадтай ойртож, харилцаагаа сайжруулахын төлөө байр суурь баримталдаг. Тайваний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улс орон Хятадтай албан ёсны харилцаатай байх боломжгүй гэсэн байр суурийг Бээжингийн эрх баригчид баримталдаг. Үүнээс болж Тайвань НҮБ-ын гишүүн21 оронтой дипломат харилцаатай байдаг.

 

Хятад, Тайванийн харилцаа:

 

1949 он-Чан Кай Ши тэргүүтэй Гоминьдан намынхан Мао Зедун тэргүүтэй коммунист намынханд ялагдаж, Тайваньд Засгийн газраа байгуулсан

1971 он- Тайвань(Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Хятад Улс) НҮБ дахь суудлаа БНХАУ-д алдсан

1993 он-Хоёр талын төлөөлөгчид Сингапурт анх удаа уулзаж, хэлэлцээр хийсэн

2005 он-Хятад улс Тайванийг салан тусгаарлахыг хууль бус хэмээн тунхагласан хууль баталсан

2008 он- Тайванийн Ерөнхийлөгчөөр Ма Ин Жү сонгогдсоны дараа хоёр талын дээд хэмжээний уулзалт сэргэсэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)