Ж.Керри НҮБ-ыг Самаркандад байгуулсан гэв
- 2015-11-06
- Дэлхий
- 0

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри “Назарбаевын их сургуульд”-д хэлсэн үгэндээ НҮБ-ыг анх хэдэн зууны өмнө Самарканд хотноо байгуулагдсан гэдгийг хэлжээ. Тэрбээр саяхан Торгоны зам дээр орших Самарканд хотноо очсоноо ярихдаа Төмөр хааны ордон дахь Кастилийн Элчин сайд Клавихогийн бичсэн тэмдэглэлийн тухай ярьсан байна. Элчин Самарканд хотыг олон соёл, урлаг, худалдаа, оюун санааны огтлолцол хэмээн дүрсэлж, энэ хотоос ховор нандин торго, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, алт, цэнхэр шил, шаазан авах боломжтойгоос гадна турк, араб, исламын шашинтнууд, еврей, грек, армян, Христийн католик, несторийн урсгалынхан нэгэн дор амьдардаг тухай өгүүлжээ. “Бид НҮБ-ыг 70 жилийн өмнө Нью-Йорк хотноо байгуулсан гэж үздэг. Гэвч энэ үйл явдал хэдэн зууны өмнө Самарканд хотноо болсон юм” хэмээн Ж.Керри ярьсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн мягмар гаригт Төв Азийн бүс нутгийн орнуудад хийсэн айлчлалаа өндөрлөсөн билээ. Уг айлчлалынхаа эхэнд Ж.Керри Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистаны Гадаад хэргийн сайд нартай Самарканд хотноо уулзаж, Хятадын дэвшүүлж буй төлөвлөгөөтэй өрсөлдөх зорилготой “Шинэ торгоны зам” нэртэй АНУ-ын төслийг танилцуулсан аж. Уулзалтын үр дүнгээр талууд түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, “С5+1” буюу Төв Азийн таван орон + АНУ гэсэн уулзалтын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)