“Их 20”-ийн уулзалтад оролцогсод эдийн засагт анхаарна

 

Туркийн Анталья хотноо ирэх долоо хоногт “Их 20”-ийн дээд хэм жээний уулзалт болж, их гүрний удирдагчид дэлхийн эдийн засагт тулгараад буй эрсдэлийг хэлэлцэнэ. Уг уулзалтаас нэг өдрийн дараа АПЕК-ийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд Филиппиний Манила хотноо чуулах юм. Улс төрөөс ангид эдийн засгийн асуудлыг голчлон хэлэлцдэг эдгээр дээд хэмжээний уулзалтаар тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, авлигатай тэмцэх зэрэг сэдвийг голчлон хэлэлцэх аж. АНУ-ын эдийн засаг сэргэж буй ч Европын хувьд нөхцөл байдал тогтворгүй, Энэтхэгээс бусад хөгжиж буй томоохон эдийн засаг бүхий орнуудад өсөлт саарч, зарим нь хямралд ороод буй юм. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн өсөлт жигд бус, санхүүгийн хямралын уршгаар олон орон өрийн дарамт, ажилгүй иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. 
 

Энэ онд “Их 20”-ийн бүлгийг тэргүүлж буй Турк улс “Нээлттэй байдал, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт” гэсэн уриан дор ажилласан юм. Үүний тулд бүгдэд хүртээмжтэй байх зарчим, дэлхийн эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өсгөх талаар Брисбанд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарсан аж. Бүгдэд хүртээмжтэй байх зарчмын дагуу эдийн засгийн хөгжил, цэцэглэлтийн үр шимийг нийгмийн бүх хэсэгт хүргэх ёстой Үүнээс жижиг, дунд үйлдвэрлэл эмэгтэйчүүд, залуусыг ажилтай байлгах нь үндэсний хэмжээнд анхаарах зорилтууд юм. Харин орлого багатай орнуудад тулгарч буй бэрхшээлийг олон улсын хэмжээнд шийдвэрлэхийн тулд ажиллана. “Турк улс хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хоорондох зааг ялгааг багасгахын тулд ажиллана” хэмээн тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу хэлж, буурай орнуудыг дэлхийн хэмжээний асуудал шийдвэрлэх үйл явцад оролцуулна гэдгээ амласан билээ. Гэвч үүний тулд “Их 20”-ийн орнуудад санхүүгийн эх үүсвэр шаардлагатай аж. Туркийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор тус бүлэгт багтах орнууд 2018 он гэхэд ДНБ-ийнхээ өсөлтийг нэмж 2.1 хувиар ахиулснаар дэлхийн эдийн засгийн хэмжээг хоёр их наяд ам.доллараар нэмэгдүүлж, тус бүлгийн нэр хүндийг улам өсгөх юм. Гэвч бодит байдал дээрээ “Их 20”-ийн гишүүн орнуудын ДНБ-ий өсөлт 2015-2016 онд гурван хувиар буурах магадлалтай аж. 
 

Турк улс тус бүлгийг тэргүүлэх хугацаандаа эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалт болон ажлын байр бий болгох тухай сэдэвт анхаарлаа хандуулсан байна. Гэвч энэ онд дэлхийн хэмжээнд 200 сая хүн ажилгүй болсон нь дэлхийн эдийн засагт тогтворгүй байдал бий болгох аюултай хэмжээнд хүрснийг Туркийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны тэргүүн өнгөрсөн есдүгээр сард мэдэгдэж, гадаад худалдаанд саад болж буй саад тотгоруудыг арилгахыг уриалсан аж. “Дэлхийн эдийн засаг 2008 оны санхүүгийн хямралын өмнө гадаад худалдааны хүчинд өсч байсан бол дараа нь буурсан. Энэ нь улс орнууд хямралын үр дагавартай бие даан тэмцэхийг оролдож, хил, гааль дээрээ саад тотгор бий болгож эхэлсэнтэй холбоотой. “Их 20”-ийн гишүүд энэ тал дээр илүү их “амжилт” гаргасан. Улс орнууд бусдад саад хийхийн хэрээр өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг гадаадад борлуулах боломжгүй болдог. Үүний уршгаар ажилгүйдэл нэмэгдсэн” хэмээн “В20” (“Их 20”- ийн гишүүн орнуудын бизнесийн төлөөлөгчдийн уулзалт) чуулганы үеэр ярьжээ. Мөн “Их 20”-ийн гишүүд хоёр талын гэрээ хэлцэл, олон талт хэлэлцээрт зөрчилдөхгүй байх нөхцөлийг хангасан олон хэмжээст худалдааны тогтолцоо бий болгох шаардлагатай тулгарсныг Туркийн Ерөнхий сайд өгүүлсэн юм. Тухайлбал, АНУ, Европын холбоо хамтран Атлантын дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл хэмээх шинэ гэрээ байгуулахаар зэхэж буйг тэрбээр дурдсан байна. Энэхүү гэрээ батлагдвал түншлэлийн харилцаа зөвхөн энэ хоёр талын хооронд хэрэгжиж, бусад орны эдийн засаг хохирол амсана гэдгийг Ахмет Давутоглу учирласан аж. Энэ тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Зарим орон эдийн засгийн хувьд хаалттай тусгай нэгдэл байгуулах замыг сонгож, энэ тухай хэлэлцээрээ бусад орон, өөрсдийн иргэд, олон нийт, бизнесийн хүрээнийхнээс нууцалж байна. Эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй бусад оронд энэ тухайгаа мэдэгдээгүй. 
 

Дэлхийн худалдааны байгууллагын оролцоогүйгээр цөөн хэдэн этгээдийн эрх ашгийн төлөө бүх дүрэм, журмыг өөрчилсөн гэдгийг бидэнд нэг л өдөр тулгахыг оролдож байна. Энэ нь худалдааны тогтолцоог тэнцвэргүй болгож, дэлхийн эдийн засгийн орон зайг хэдэн хэсэгт задлах эрсдэлтэй” хэмээн НҮБ- ын Ерөнхий Ассамблейн чуулган индрээс өнгөрсөн есдүгээр сард үг хэлэхдээ мэдэгдсэн билээ. “Их 20”-ийн уулзалт нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг хэлэлцдэг нөлөө бүхий чуулган юм. “Их 20”-ийн бүрэлдэхүүнд дэлхийн хөгжингүй орнууд болон хөгжиж буй эдийн засагтай томооохон орнууд ордог. Эдгээр орон дэлхийн хэмжээний ДНБ-ий 85 хувь бүрдүүлдэг. “Их 20”-ийн бүлгийг 2013 онд ОХУ, 2014 онд Австрали, 2015 онд Турк улс тэргүүлсэн. Ирэх сарын 1-ний өдрөөс “Их 20”-ийн бүлгийг Хятад улс тэргүүлж, ирэх онд болох 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулна. Хятад улс 2005 онд “Их 20”-ийн Сангийн сайд нарын нарын уулзалтыг хүлээн авсан ч энэ бүлгийн уулзалт дэлхийн хэмжээний томоохон асуудлыг хэлэлцдэг томоохон чуулганы үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш анх удаа зохион байгуулах юм. 

 

Д.МӨНХБОЛД
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)