Парисын халдлагад 12 орны иргэд амь насаа алджээ

 

        Францын нийслэл Парис хотноо баасан гаригийн орой алан хядагчид зургаан газарт цуврал халдлага үйлдсэнээс нийт 130 хүн амь насаа алдаж, 300 гаруй хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн. Тэдний 99-ийнх нь биеийн байдал хүнд хэвээр байна. Францын хууль тогтоох байгууллагаас мэдээлснээр халдлагад францчуудаас гадна АНУ, Алжир, Бельги, Их Британи, Чили, Марокко, Португал, Румын, Испани, Швед, Тунисийн иргэд өртөж, амь насаа алдсан аж. Парист болсон халдлагуудаас Батаклан театрын концертын танхимд хамгийн эмгэнэлтэй үйл явдлууд өрнөсөн аж. Зэвсэглэсэн зургаан алан хядагч 1500 гаруй суудалтай концертын танхимд “Ea-gles of Death Metal” нэртэй Америкийн рок группийн тоглолт үзэхээр ирсэн үзэгчдийг барьцаалсан. Барьцаалагчид өөрсдийнхөө үйлдлийг эвслийн цэргийнхэн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж буйн хариу хэмээн тайлбарлаж байсныг гэрч нараас өгүүлжээ. Францын Ерөнхийлөгч Ф.Олланд тэргүүтэй зөвлөгөөн дээр концертын танхим руу дайрч иргэдийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Гэвч уг ажиллагааны үеэр алан хядагчид иргэдийг буудсанаар 90 гаруй хүн амь насаа алдсан билээ. Үүнтэй зэрэгцээд алан хядагчид Парисын хэд хэдэн дүүрэгт гал нээж, зарим нь Франц, Германы шигшээ багуудын хоорондох нөхөрсөг тоглолт болж байсан “Stade de France” цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэхийг оролджээ. Гэсэн ч хамгаалалтын албаныхан гэмт этгээдүүдийн нэгнийх нь цээжинд бэхэлсэн тэсрэх төхөөрөмжийг анзаарснаар алан хядагчид олон хүнтэй цэнгэлдэх хүрээлэнд орж чадалгүй гаднах талбайд гурван удаа тэсрэх бөмбөг дэлбэлснээр дөрвөн хүн амь насаа алдсан байна. Халдлага гарсан даруйд Францын эрх баригчид орон даяар онц байдал зарлаж, тус улсын хилийг хааснаас гадна Парис хотын дүүргүүдийн удирдлагад хөл хорио тогтоох эрх олгожээ. Энэ ажлын хүрээнд хууль сахиулах байгууллагуудын эрхийг нэмэгдүүлж, Парис дахь сургуулиудыг түр хугацаагаар хааж, хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 1500 гаруй цэргийг албан хаагчийг дайчилсан аж. Мөн гурван өдрийн хугацаанд орон даяар гашуудал зарласан байна. Ерөнхийлөгч Ф.Олланд эдгээр халдлагыг дайн өдөөсөн хэрэг ба үүний ард “Исламын улс” бүлэглэл байгаа гэдгийг мэдэгдэж, ням гаригт болсон “Их 20” уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Халдлагатай холбоотойгоор Европын холбооны гадаад харилцааны асуудал эрхэлсэн дээд комиссар Федерика Могерини Парис дахь халдлагыг Оросын онгоцны осолтой холбон тайлбарлажээ. “Өчигдөр Парис. Үүнээс нэг өдрийн өмнө Ливан, хоёр долоо хоногийн өмнө ОХУ, Египет, хэдэн долоо хоногийн өмнө Туркэд. Энэ бүгдээс үзэхэд бүгдэд нь хамааралтай боллоо. Европчууд, арабууд, Өрнө, Дорно, олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ алан хядах ажиллагаа болон биднийг сүрдүүлж, салган бутаргахыг хүсэгчдээс хохирлоо” хэмээн Ф.Могеринийн албан ёсны мэдэгдэлдээ өгүүлжээ.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)