Парисын халдлага эцэс боллоо

 

Францын нийслэл Парис хотод цуврал дэлбэрэлт болж 200 орчим хүн амиа алдсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Парист дуугарсан буу дуу өчигдрийг хүртэл үргэлжилсэн. Харин тус улсын цэргин хүчин алан хядагчдийг устгасан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.

 

Халдлагыг зохион байгуулсан гол этгээд нь А.Абауд байсан бөгөөд түүнийг устгаж чадсан байна. Энэ талаар Парис хоын прокурор Ф.Мопенс мэдээлэл өгөхдөө “Бид өмнө нь гол сэжигтэнг амиа алдсан талаар мэдэгдсэн. Гэхдээ тэр бол бүрэн батлагдаагүй байлаа. Харин манай цэргүүд тусгай ажиллагааг чадварлаг явуулж сэжигтнүүдийг устгасан” гэсэн юм.

 

100 гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч оролцсон тусгай ажиллагааны үеэр хоёр этгээд амиа алдсаны нэг нь А.Абауд байжээ. Мөн тэрээр дахин гэмт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан ул мөр үлдсэн байна.

 

Энэ сарын 18-ны лхагва гаригт Сент-Денис цагдаа нар тусгай ажиллагаа явуулж, Парист үйлдэгдсэн халдлагын сэжигтнүүдийн нуугдаж байгаа байшинг бүсэлж, долоон сэжигтнийг баривчилсан билээ.

 

 

Парисын прокурорын газраас мэдээлснээр, тус байшинд Абаудын үеэл эгч Хасна Аитбулахен байсан бөгөөд буудалцааны үеэр өөрийгөө дэлбэлсэн. Харин өөр нэг сэжигтэн этгээд нас барсан байсныг хурууны хээгээр нь Абауд болохыг тогтоосон аж. Ажиллагааны үеэр таван цагдаа шархаджээ.

 

 

Олон улсад энх тайвны эсрэг заналхийлж буй алан хядах ажиллагааны эсрэг Холбоотнууд нэгдэн ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хэрэхгүй байна. Дэлхийн аль ч өнцөг булан бүрт “Исламын улс”-ын алан хядагчид халдлага хийж чадна гэдгээ Парис хотод явуулсан цуврал дэлбэрэлтээр харууллаа. Иймд энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдийн гэмт халдлагын золиос болгохгүйн тулд алан хядагчдыг устгах нь зүйтэй гэж томоохон гүрнүүдийн удирдагчид үзэж байгаа.

 

Үүнтэй холбогдуулж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэл хийхдээ “Орос орон өмнө нь зэрлэг балмад алан хядах ажиллагаатай нүүр тулж байсан. Тэдгээрээс хамгийн их цус асгаруулсан гэмт хэрэг нь Синайн хойг дахь онгоцны осол байлаа. Бид гэм буруутай этгээдийг хаана ч байсан олж, зохих ёсны шийтгэлийг хүлээлгэх болно. Мөн дэлхий нийтэд энх тайван тогтох ёстой учир, Исламын улсын дайчид ч зохих шийтгэлээ хүлээнэ” гэсэн аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)