Бельги, Францад аюулгүй байдлын онцгой дэглэм тогтоожээ

 

Бельгийн нийслэл дэх Гранд Плац талбай

 

        Бельгийн эрх баригчид ням гаригт нийслэл Брюссель хотноо аюулгүй байдлын онцгой дэглэм тогтоосноор метрог хааж, зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр иргэдийг нэг дор цуглахгүй байхыг анхааруулжээ. Францын нийслэл Парис хотноо долоо хоногийн өмнө халдлага гарсны дараа Бельгийн хууль сахиулах байгууллагынхан түгшүүрийн төвшинг дөрөвдүгээр зэрэг болгон нэмэгдүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд орсон аж. Нийт 1.2 сая хүн амтай Брюссель хотын гудамжинд зэвсэглэсэн цагдаа нар харуулд гарч, Европын холбоо, НАТО- ийн төв байр зэрэг томоохон байгууллагуудыг хамгаалалтдаа авчээ. “Бидний авсан мэдээллээс үзэхэд Парист гарсантай төстэй халдлага болох эрсдэлтэй” хэмээн Бельгийн Ерөнхий сайд тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дараа бямба гаригт мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын дэргэдэх хямралыг зохицуулах төвийн тусгай заавар гартал метро, музей, кино театр, спортын төвүүд ажиллахгүй аж. Парист гарсан халдлагууд, тухайлбал, хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа болсон дэлбэрэлтийг зохион байгуулагчид Брюсселийн Молинбек дүүрэгт үүрлэсэн алан хядагчдын сүлжээтэй холбогджээ. Парист дэлбэрэлт зохион байгуулахад оролцсон Салах Абдесалам гэгч этгээд Бельгийн нутаг руу оргон зайлсан ба биедээ тэсрэх төхөөрөмж зүүсэн байж болзошгүй хэмээн эрэн сурвалжилж буй юм. Мөн Бельгийн хуулийн байгууллагынхан тус этгээдээс гадна илүү аюул заналхийлж байж болзошгүй тухай мэдээлэл авснаа өгүүлсэн аж. 

 

ФРАНЦАД ОНЦ БАЙДЛЫГ ГУРВАН САРААР СУНГАНА

        Францын Сенат онц байдлын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг баталжээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу онц байдлыг гурван сар хүртэлх хугацаагаар сунгах боломжтой юм. Францын парламентын дээд танхим болох Сенатын 348 гишүүнээс нэмэлт өөрчлөлтийг 336 хүн дэмжсэн ба эсрэг санал өгсөн хүн гараагүй байна. Шинэ хуулийг Францын Ерөнхийлөгч Ф.Олланд санаачилсан. Өмнө нь парламентын доод танхимын гишүүд хуулийг баталсан тул Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Парист энэ сарын 13-ны өдөр цуврал халдлага гарч, 130 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан билээ. Энэ үйл явдлын дараа тус улсад онц байдал тогтоосон юм. Францын нийслэлд энэ сарын 30-ныг хүртэл олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглож, тус хотын зүүн өмнөд хэсэгт орших Сенс дүүрэгт шөнийн цагаар хөл хорио тогтоож, цагдаа нар баривчилгаа явуулсан байна. 

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)