Орос Турки

 

В.Путин: АЛАН ХЯДАГЧДЫН ХАМСААТНУУД АР НУРУУНД ХУТГАЛЛАА

Р.Эрдоган: ТУРК УЛС ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЭРХТЭЙ

 

Туркийн агаарын нисэх хүчнийнхэн мягмар гаригт Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа Ерөнхийлөгч В.Путин албан ёсны мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр Иорданы вантай албан бус уулзалт хийх үеэрээ уг мэдэгдлээ хийснийг хэсэгчлэн толилуулъя

 

“Манай онгоцыг Сирийн газар нутаг дээгүүр нисч байхад нь Туркийн “Ф-16” онгоцноос агаар- агаар ангиллын пуужингаар устгасан. Онгоц Туркийн хилээс нэг км-ийн зайд 6000 метрийн өндөрт нисч явахад нь довтолсон. Ямартай ч манай онгоц Туркийн БНУ-д аюул занал учруулаагүй байсан” Тэд (Оросын нисгэгчид) Латакия мужид “Исламын улс”-ын эсрэг ажиллагаанд оролцож байсан. Энэ бол ОХУ-аас гаралтай зэвсэгт дайчид төвлөрсөн уулархаг бүс нутаг юм. Иймээс тэд Орост хэзээ ч ирэх боломжтой алан хядагчдын эсрэг тэмцэж байв. Тэдгээр зэвсэгт дайчдыг олон улсын хядагчид хэмээн үзэж болно. Энэ бол алан хядах ажиллагаатай тэмцэх цар хүрээнээс хальсан үйл явдал. Манай цэргийнхэн алан хядагчидтай амь насаа хайрлалгүйгээр баатарлаг тэмцэж байна. Өнөөдрийн гарз хохирол бол алан хядагчдын хамсаатнууд бидний ар нуруунд хутгалсантай адил хэрэг юм. Болсон хэргийг өөрөөр нэрлэх боломжгүй.

 

Үр дагаврын талаар

Бидэнтэй шууд холбогдохын оронд Туркийн тал бид онгоцыг нь сөнөөсөн мэт энэ асуудлыг хэлэлцэхээр НАТО-гийн эвсэл дэх холбоотнууддаа хандсан. Энэ эмгэнэлт үйл явдал Орос- Туркийн харилцаанд ноцтой үр дагавар дагуулна. Бид Туркийн талд ойрын хөрш төдийгүй найрсаг харилцаатай улс хэмээн үргэлж ханддаг байв. Өнөөдөр үйлдсэн хэрэг хэнд хэрэгтэй байсныг мэдэхгүй ч бидэнд лав хэрэггүй. Улс орон, бүс нутаг бүрт өөрийн гэсэн эрх ашиг байдаг, бид түүнийг нь хүндэтгэдэг. Гэхдээ өнөөдөр болсон шиг гэмт хэргийг бид тэвчихгүй. Олон улсын хамтын нийгэмлэгээс нийтийн дайсны эсрэг хүчнээ нэгтгэнэ гэдэгт найдаж байна. Үүнтэй холбоотойгоор бүс нутгийн орнууд энэ тэмцэлд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна. Одоо бидний ар нуруунд хутгалж, алан хядагчидтай тэмцэж буй манай онгоцод халдлаа. Бид Америкийн түншүүдтэйгээ агаарын орон зайд зөрчилдөөн гарахаас сэргийлэх талаар гэрээ байгуулсан байхад ийм хэрэг гарсан. Турк бол алан хядагчдын эсрэг АНУ тэргүүтэй эвсэлд орсноо зарласан улс. 

 

Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган тус улсын Зэвсэгт хүчнийхэн Оросын байлдааны нисэх онгоцыг сөнөөсөн үйлдлийг зөвтгөсөн мэдэгдэл хийжээ.

Тэрбээр Турк улс хилээ хамгаалах эрхтэйг өгүүлж, тус орон ийм үйл болохоос аль болохоор зайлсхийхийн төлөө бүхий л хүчин чармайлт гаргасныг өгүүлсэн байна. Тэрбээр “Онгоц манай хилийн зүг чиглэн нисч ирж явсан таван минутад 10 удаа сануулсан ч чиглэлээ өөрчлөлгүйгээр хил зөрчсөн. Оросын хөлгийг “Ф-16” загварын сөнөөгчийн тусламжтайгаар устгасан” хэмээн Анкара хотноо үг хэлэхдээ мэдэгдэж, уг үйлдлийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. “Сиритэй холбоотойгоор үүнээс илүү хор хохиролтой үйл явдал болоогүй нь Туркийн тал хүлээцтэй байсных. Бид ийм үйл явдлаас сэргийлэхийн тулд бүхий л талаар чармайсан гэдэгт хэн ч эргэлзэх ёсгүй. Мөн Турк улс хилээ хамгаалах эрхтэй гэдэг талаар хэнбугай ч эргэлзэх ёсгүй” хэмээн тэрбээр мэдэгджээ. Туркийн Ерөнхийлөгч Оросын тал “Исламын улс”-ыг онилохын оронд Сирийн Ерөнхийлөгч Б.Асадтай тэмцэгч сөрөг хүчний бусад бүлэглэлийн эсрэг тэмцэж буй хэмээн шүүмжилсэн аж. Р.Эрдоган Оросын бөмбөгдөгч онгоц цохилт өгсөн байршилд “Исламын улс” бүлэглэлийнхэн байхгүй зөвхөн туркмен гаралтай сөрөг хүчний дайчид байрлаж, газар нутгаа хамгаалахыг оролдож буй тухай ярьжээ. Тэрбээр Турк улс холбоотнуудтайгаа хамтран Сирийн Жараблус хот болон Газрын дундад тэнгисийн хооронд “Хүмүүнлэгийн аюулгүй бүс” байгуулахаа зарласан юм. Туркийн “F-4 “Фантом” байлдааны нисэх онгоц 2012 онд Сирийн нутагт нэвтэрсний дараа тус улсын Зэвсэгт хүчин сөнөөсөн түүхтэй. Тухайн үед Ерөнхий сайдын алба хашиж байсан Р.Эрдоган “Хилийн зурвасыг яльгүй зөрчсөн нь довтлох шалтаг болох ёсгүй” хэмээн мэдэгдсэн билээ. 

 

Туркийн тал Оросын онгоцыг урьдчилан төлөвлөж, төрийн дээд удирдлагын зааврын дагуу, АНУ-ын дэмжлэгтэй сөнөөсөн гэдгийг илтгэх олон шинж тэмдэг байна. Тухайлбал, Туркийн тал ямар нэг байдлаар уучлал хүсээгүй. Мөн энэ үйл явдал санаандгүй алдаа байсан хэмээн дүр эсгэж болох байсан ч нэн даруй НАТО- гийн эвслийн сайд нарын төвшний уулзалт зарласан нь Оростой харилцаагаа хурцатгах сонирхолтой байгаагийн илрэл юм. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Туркийн томоохон албан тушаалтнууд болон Р.Эрдоганы хүүгийн “Исламын улс”-аас хууль бусаар газрын тос худалдан авч, их хэмжээний ашиг олдог бизнест Оросын тал саад хийж, шатахуун тээвэрлэгч 1000 орчим машиныг нь устгасан билээ. Мөн Оросын тал Сирид цэргийн ажиллагаа эхлүүлсэн даруйдаа Туркээс санхүүжиж, зэвсэг хэрэгслээ хангуулдаг хэд хэдэн алан хядах бүлэглэлийг бөмбөгдөж эхэлсэн нь Р.Эрдоганы ашиг сонирхолд нийцээгүй аж. ОХУ-ын эрх баригчид сүүлийн үед Туркийг хүрээлж, тус улсад найрсаг бус ханддаг шийт шашинтнууд эрх барьж буй Иран, Ирак, Сиритэй харилцаагаа зузаатгасан нь Оттоманы эзэнт гүрнийг сэргээхийг мөрөөдөж буй үндэсний үзэлтнүүдийн хувьд тэвчихийн аргагүй доромжлол юм. Сирид Оросын Зэвсэгт хүчний явуулж буй үйл ажиллагаа Европын орнуудад нэр хүнд олж, христийн шашинтай орнууд Туркийн зүгээс далдуур дэмжиж буй “Исламын улс” бүлэглэлийн эсрэг эвсэл бий болох магадлалтай болж ирсэн боломжийг нэн даруй таслан зогсоох нь тэдний хувьд нэн чухал ба Сири улсыг үгүй хийхийн тулд зарцуулсан хөрөнгө оруулалтыг нь үнэгүйдүүлэх аюултай юм. Олон улсын алан хядах ажиллагааны ард их хэмжээний мөнгө эргэлдэж, тэдгээрийг захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч гэсэн тус бүрийн үүрэгтэй олон шатлал бүхий оролцогчдын нэгдсэн үйл ажиллагаа байдаг. Алан хядах үйл ажиллагаа явуулж буй дайчид зохион байгуулагч болон эцсийн захиалагчийн гол зорилгыг мэдэх боломжгүй том гарын өрөг дэх шатрын хүү төдий юм. 

 

Д.Мөнхболд

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (59.153.115.183)

    2015-11-26

    ТУРК ТОМ АХЫНХАА ЗАХИАЛГААР ХИЙСЭН АЖИЛ БАЙХОО. БАС ТЕРРОРИСТУУДААС ХЯМДХАН АВДАГ НЕФТИЙНХ НЬ ТАСАЛДАХАД ХҮРСЭН. ҮЙЛ НЬ ИРСЭН ХУЛГАНА, МУУРЫН САХЛААР ОРОЛДОХ ХЭРЭГГҮЙ Л БАЙСАН ДАА.