АНУ “Bank of China”-д торгууль ногдуулжээ
- 2015-12-03
- Дэлхий
- 0

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дэх шүүхээс Хятадын томоохон банкны нэг болох “Bank of China”-г мэдээлэл өгөхөөс татгалзаж, үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт торгууль ногдуулах шийдвэр гаргажээ. Уг тогтоолын дагуу энэ сарын8-наас эхлэн тус банк өдөр тутам 50 мянган ам.доллар төлөх үүрэг хүлээнэ. Харин банкны төлөөлөгчид шүүхээс өгсөн шаардлагыг нь биелүүлбэл хувь хүний нууцын тухай Хятадын хууль тогтоомжийг зөрчихөд хүрнэ гэдгийг өгүүлсэн байна. Gucci, Yves Saint Laurent зэрэг тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгчид 2010 онд Хятадын компаниудыг өөрсдийн нь бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэдэг талаар шүүхэд гомдол гаргасан билээ. Дээрх компаниуд хохирлыг нь барагдуулж, “Bank of China”-аас12 сая ам.доллар гаргуулахыг шаардсан юм. Анх 2011 онд шүүх “Bank of China”-г хуурамч бараа үйлдвэрлэдэг хэмээн сэжиглэгдэж буй үйлчлүүлэгчдийнхээ тухай мэдээлэл өгөхийг шаардсан байна. “Bank of China” нь хөрөнгийнхөө хэмжээгээр Хятадад дөрөвдүгээрт ордог томоохон банк ба 2014 онд нийт 28 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)