Сирийн дайн цар хүрээгээ тэлэх аюултай
- 2015-12-07
- Дэлхий
- 0

Ж.Керри Оросыг сүрдүүлэв
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри ОХУ, Иран хоёр Сири дэх улс төрийн эрх мэдлийг шилжүүлэх үйл явцад саад хийж, Башар Асадыг дэмжсээр байвал хатуу арга хэмжээ авна гэдгээ бямба гаригт мэдэгджээ. “Орос, Иран хоёр эвсэл болж, Асадад энэ үйл явцыг сүйрүүлэх боломж олгосноор шилжилтийн үйл явц өрнөхгүй бол бидэнд сонгох хувилбар цөөрч, хэд хэдэн хатуу арга хэмжээ авахад хүрнэ” хэмээн тэрбээр хэлсэн аж. Тэрбээр нөхцөл байдал энэ хувилбараар өрнөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг өгүүлсэн байна. “Энэ нь АНУ болон Европын бүх орны аюулгүй байдалд заналхийлж байна. Европын хувьд энэ нь зөвхөн Парист болсонтой адил халдлагаар илрэхгүй. Уг аюул цагаачлалаар илэрч, Европын улс төрийг нэгмөсөн өөрчилж болзошгүй” хэмээн Ж.Керри Вашингтон хотноо болсон Америк-Израилийн улстөрчдийн хамтарсан бага хурлын үеэр дүгнэн хэлжээ. Мөн Иран, Турк, Иордан, Ливан, Орос, АНУ болон тус улсын холбоотнуудын хувьд нэгдсэн Сири орныг хүлээн авах нь амин чухал гэж үздэгээ илэрхийлжээ. Ж.Керри Ерөнхийлөгч Б.Обама, В.Путин нарын Парис хотноо хийсэн уулзалтыг бүтээлч болсон хэмээн үнэлсэн байна. Британийн нийслэл Лондон хотын метронд бямба гаригт мачете хэмээх урт заазуураар зэвсэглэсэн этгээд зорчигчдод халдан гурван хүнийг шархдуулж, олон хүнийг заналхийлсэн хэрэг гарчээ. Иргэдэд халдахынхаа өмнө сэжигтэн этгээд “Үүнийг Сирийн төлөө” хэмээн хашгирч байсныг гэрчүүд өгүүлсэн аж. Британийн агаарын нисэх хүчин Сирийн нутаг дахь “Исламын улс” алан хядах бүлэглэлийн байршлыг өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн бөмбөгдөж эхэлсэн билээ. Харин өмнө өдөр нь Британийн парламент олонхийн саналаар тус улсын нисэх хүчнийг Сири дэх байлдааны ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн юм. Гэвч энэхүү дайралт эхэлсний дараа Сирийн Мэдээллийн сайд Омран азЗоуби Британийн бөмбөгдөлт нь үр дүн муутай, хий хоосон мэдээллийн шинж чанартай болж байна гэх байр сууриа илэрхийлжээ. Мөн Сирийн эрх баригчидтай зөвшилцсөн тохиолдолд тус улсын эрх баригчид алан хядагчидтай тэмцэх аливаа үйл ажиллагааг дэмжинэ гэдгийг өгүүлсэн аж. Сайд “Тэд Оросын үлгэр жишээг дагах хэрэгтэй” гээд газар дээр тулалдаж буй Сирийн армитай үйл ажиллагаагаа зохицуулаагүй тохиолдолд байлдаж буй сэтгэгдэл төрүүлэхээс цаашгүй хэмээн дүгнэсэн байна. Британийн зэвсэгт хүчин өнгөрсөн жилээс эхлэн АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүрээнд Ирак нутаг дахь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаанд оролцож, буй юм.
Орос, Египет улс Сирийн сөрөг хүчнийг нэгдэхэд тусална
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри нар утсаар ярилцаж, Сирийн сөрөг хүчний байгууллагуудыг нэгдэж, алан хядагчдын эсрэг хамтдаа сөрөн зогсох нь чухал гэдгийг онцолжээ. “Сирийн сөрөг хүчний байгууллагуудаас алан хядах үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөггүйг нь хамтдаа нэгдэж, тус улсын улс төрийн хүчнүүдийнхоорондяриахэлэлцээрийн үйл явц өрнөхөд нь дэмжлэг үзүүлэх тал дээр Орос, Египетийн талын хүчин чармайлтыг нэгтгэх зорилтыг хэлэлцлээ” хэмээн Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны мэдэгдэлд дурдсан байна. Талууд энэ үйл явцад Сирийн улс төрийн хүрээнийхнийг хамгийн өргөн хүрээнд оролцуулахад НҮБ-аас Сирийн асуудлаар томилсон тусгай элч Стаффан де Мистур онцгой үүрэг хүлээх ёстойг зөвшөөрчээ. Мөн Сирийн Засгийн газартай хийх хэлэлцээрт өмнө нь Москва, Каир хотноо болсон уулзалтад оролцогчдыг хамруулах хэрэгтэйг тохиролцсон аж.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)