А.Меркелийг “TIME” сэтгүүл ”Оны хүн”-ээр тодрууллаа

 

        Америкийн нэр хүндтэй“TIME” сэтгүүл 2015 оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтаа нийтэлжээ. Жагсаалтыг Германы канцлер А.Меркель тэргүүлж, “Исламын улс” бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль-Багдади удаалсан байна. Германы канцлерын албыг сүүлийн 10 жилийн турш тасралтгүй хашиж буй А.Меркелийг сэтгүүлд“Дэлхийд хамгийн нөлөө бүхий эмэгтэй, Европын эдийн засгийг хөдөлгөгч орны тэргүүн” хэмээн тодорхойлсон аж. Мөн“Герман орныг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Европ тивд тохиосон хамгийн их цар хүрээтэй цагаачлалын хямралыг шийдвэрлэхэд нь канцлер тусална” хэмээн дүгнэжээ. Хатуу хэмнэлтийн арга хэмжээ авах болзол тавьж, бэлэн мөнгөний гачигдалд орсон Грекийг хүнд байдлаас гаргасан Меркелийн шийдвэрийг “TIME” сэтгүүл сайшаасан байна. “TIME” сэтгүүлийн редактор нь А.Меркелийн улс төрийн арга барилын онцлогийг “Түүнд ямар нэг дайсагнах чадвар, нууцлаг шинж байхгүй. Харин байр сууриа удаан хадгалдаг хүмүүсийн нэгэн адил эрх мэдлийн тухай торгон мэдрэмж, тоонд анхааралтай ханддаг эрдэмтэн хүний шинжийг агуулсан” хэмээн тодорхойлсон аж. Сэтгүүлд А.Меркелийн амьдралын гараа хаанаас эхэлсэн, химийн мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалсан хийгээд амьдралын зам мөр, тухай үеийн нь нийгмийн амьдралын тухай тодорхой өгүүлжээ. “TIME” сэтгүүл нь оны нөлөө бүхий хүмүүсийг тодруулахдаа уншигчдын саналыг харгалздаг. Энэ оны нөлөө бүхий хүний жагсаалтын тэргүүлэгч наймд анх Германы канцлераас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани, “Uber” үйлчилгээг үндэслэгч Трэвис Каланик, АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп, “Исламын улс” бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль-Багдади, Америк дахь хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч“Black Lives Matter” хөдөлгөөний идэвхтнүүд, Ким Кардашьяны хойт эцэг Кейтлин(Брюс) Женнер нар орсон байна. Гэвч эцсийн шалгаруулалтаар уг жагсаалтыг долоо болгон танаж, Оросын Ерөнхийлөгчийг санал хураалтаас хассан аж. “TIME” сэтгүүл 1927 оноос хойш “Оны хүн”-ийг тодруулжээ. Сэтгүүлийн оны хүнээр цагтаа маргаан дагуулсан олон хүн шалгарсан аж. Тухайлбал, 1938 онд Адольф Гитлер Австрийг Германтай нэгтгэснийхээ төлөө тус сэтгүүлийн оны хүнээр тодорсон билээ. Харин 2014 онд эбола вирусийн халдвартай тэмцсэн эмч нарыг шалгаруулсан аж. “TIME” сэтгүүл 2007 онд В.Путинийг “оны хүн”-ээр тодруулж, хавтсан дээрээ маш хүйтэн зургийг нь “Шинэ Орос орны хаан” гэсэн тайлбартайгаар гаргасан нь барууны хэвлэлүүдэд нэлээд түгсэн юм.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)