Их гүрнүүд Сирийн асуудлаар тохиролцоонд хүрэв

 

        ОХУ, АНУ болон бүс нутгийн нөлөө бүхий орнууд Сирийн дайныг зогсоож, мөргөлдөөнийг зохицуулахын тулд тус улсын шинэ Үндсэн хууль батлах, сонгууль явуулах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрчээ. Сирид дэмлэг үзүүлэх олон улсын бүлгийн гишүүд болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Сирийн эрх баригчдыг сөрөг хүчинтэй хэлэлцээр хийж, зөрчилдөөнийг энхийн аргаар зохицуулахыг дэмжиж, үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг санал нэгтэйгээр баталсан билээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын өгүүлснээр Австрийн нийслэл Вена хотноо хийсэн уулзалтын бүрэлдэхүүн нь Сирийн иргэдийн оролцоотойгоор зөрчилдөөнийг зогсоож, улс төрийн шилжилтийн үйл явцыг хэрэгжүүлэх суурь дэвсгэр болох аж. Вена дахь уулзалтын хүрээнд тус бүс нутагт нөлөө бүхий оролцогч талуудыг нэгтгэж чадсанаар Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийг яриа хэлэлцээрийн аргаар шударга зохицуулах боломжтойг Оросын сайд өгүүлжээ.

 

 

ГАЛ ЗОГСООЖ, ШИЛЖИЛТИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ

 

        Зөрчилдөөнийг энхийн замаар зохицуулах төлөвлөгөөнд гал зогсоох арга хэмжээ тусчээ. “Гал зогсоох хэлэлцээрт “Исламын улс” (ДАИШ), “Жебхат ан-Нусра” зэрэг  бидний нэрлэх бүлэглэлүүдээс бусад нь бүгд хамрагдана гэдэгт найдаж байна” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга энэ тухай өгүүлсэн байна. Энэ хоёр бүлэглэлээс гадна алан хядах байгууллагын жагсаалт бүрдүүлэх ажлыг Иорданы төлөөлөгчдөд даалгаж, оролцогч талууд өөрсдийн саналыг оруулах аж. Аюулгүйн зөвлөлийн тогтоолд гал зогсоох дэглэмийг хянах, тайлагнах тогтолцоо шаардлагатайг онцолж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга уг баримт батлагдсанаас хойш нэг сарын дотор энэ талаарх саналаа зөвлөлд танилцуулах үүрэгтэйг зааж өгсөн байна. Сирид сөргөлдөгч талууд улс төрийн шинэчлэл хийх эхний алхмуудыг хэрэгжүүлж эхэлснээр гал зогсоох дэглэм мөрдөх аж. Улс төрийн шинэчлэлийн үр дүнд зургаан сарын хугацаанд шилжилтийн үеийн Засгийн газар байгуулж, 18 сараас илүүгүй хугацаанд шинэ Үндсэн хуулийн хүрээнд шууд, шударга сонгууль явуулах зорилт дэвшүүлжээ. Сонгуульд хилийн чанадад амьдарч буй сиричүүдийг хамруулснаар Сирийн бүх иргэнд оролцох боломжийг эрх баригчид бүрдүүлэх үүрэгтэй. Тогтоолд Ерөнхийлөгчийн Башар Асадын нэрийг огт дурдаагүй нь Оросын талын ялалт гэж үзэж болно. Учир нь АНУ болон барууны орнууд түүнийг нэн даруй засгийн эрхээс зайлуулах нь хэлэлцээр хийхэд шаардлагатай үндсэн нөхцөл хэмээн тулган шаарддаг байсан юм.

 

 

АНУ-ЫН НИСЭХ ХҮЧИН ДАХИН “АНДУУРЧ”, ИРАКИЙН ЦЭРГҮҮДИЙГ БӨМБӨГДЖЭЭ

 

        АНУ тэргүүтэй цэргийн эвслийн нисэх хүчин Иракийн зэвсэгт хүчний 55 дугаар бригадын байрлалыг бөмбөгдсөнөөс 30 цэргийн алба хаагч амь насаа алдаж, 20 гаруй хүн шархадсаныг тус улсын парламентын батлан хамгаалах хорооны тэргүүн мэдэгджээ. Иракийн 55 дугаар бригадынхан сүүлийн үед “Исламын улс” бүлэглэлийн эсрэг эрчимтэй давшиж, ихээхэн амжилт олсон байна. Тухайлбал, Эль-Фаллужа мужийн хэд хэдэн сууринг эзэлж, алан хядагчдыг газрын тос олборлох зарим байгууламжаас шахсан аж. АНУ-ын тал өмнө нь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг эрчимтэй давшиж буй Сирийн армийн байрлалыг бөмбөгдсөн ба Иракт энэ байдал давтагдсан нь санаандгүй тохиолдол биш бололтой. “Исламын улс” алан хядах бүлэглэлийн араб нэрийг ДАИШ хэмээн товчилдог ба энэ үг араб хэлнээ доромж үгтэй төстэй аж. Сүүлийн үед энэ хөдөлгөөнтэй тэмцэж буй арабуудын нөлөөгөөр исламын шашинд харш “Исламын улс” бүлэглэлийг ДАИШ хэмээн нэрлэх нь түгээмэл болжээ. 

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)