Бэй Бэй бамбаруушийг танилцууллаа
- 2015-12-21
- Дэлхий
- 0

Вашингтон дахь Үндэсний амьтны хүрээлэнд аварга панданы дөрвөн сартай Бэй Бэй нэртэй бамбаруушийг өнгөрсөн баасан гаригт олон нийтэд анх удаа танилцууллаа. Бэй Бэй гэдэг хятадаар ховор эрдэнэ гэсэн утгатай үг бөгөөд Хятадын Тэргүүн хатагтай Пэн Лиюэн энэ нэрийг өгчээ. Бэй Бэй нь Вашингтонд төрсөн анхны панда бөгөөд дөрвөн сарын турш тусгай асаргаанд байжээ. Тус амьтны хүрээлэнгийн ажилтан Брэдли Смит “Бэй Бэй долоо хоног тутамд 400 граммаар жин нэмж байгаа. Одоо найман килограмм жинтэй болсон. Энэ бол дөрвөн сартай бамбаруушийн хувьд хэвийн жин. Аварга панданы бамбарууш таван сар хүртлээ байгальд дасан зохицох чадвар болон дархлаа султай байдаг. Иймд Бэй Бэйг дахин нэг сар лабораторид бойжуулна” гэжээ. Уг бамбаруушийг ирэх сарын 16-нд лабораториас гаргаж, амьтны хүрээлэн дэх гэр бүлд нь нийлүүлэх юм байна. Дэлхий дээр аварга панда 1600 орчим тоо толгой байдгаас 300 нь амьтны хүрээлэнд амьдардаг ажээ.
Х.ЗАЯА

Сэтгэгдэл (0)