Дэвид Кэмерон Европын холбоонд санал хүргүүлэв
- 2015-12-22
- Дэлхий
- 0

Их Британий Европын Холбооны гишүүнчлэлийг дахин хэлэлцэх тухай саналыг тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон танилцуулжээ. Тэрбээр Их Британи Европын холбоонд үлдэх эсэх талаар2017 онд багтаан бүх нийтийн санал хураалт явуулахаа британичуудад амласан билээ. Харин хэдхэн хоногийн өмнө Брюссельд болсон оройн зоогийн үеэр Дэвид Кэмерон Европын холбоонд саналаа танилцуулжээ. Энэхүү саналдаа дараах зүйлсийг тусгасан байна. Тухайлбал, Их Британи Европын холбооны гишүүн найман улсын адил еврогийн бүсэд оролгүйгээр, фунт стерлингээ авч үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Санхүүгийн хувьд нэгдэхийг еврогийн бүсийн бус орнуудад албадахгүй гэдгийг амлахыг Дэвид Кэмерон хүсчээ. Мөн еврогийн бүсийн тусламжийн багцад Их Британи хувь нэмэр оруулахгүй гэсэн баталгааг тэрбээр хүсэмжилсэн байна. Түүнчлэн Европын холбооны хүнд суртлыг Кэмероны Консерватив нам удаан хугацаанд буруушаасан бөгөөд хэт их дүрэм журам, ялангуяа, бизнес эрхлэхэд хамаатай журмыг багасгах зорилт тавихыг сануулжээ. Их Британи бүрэн эрхт байдлаа Брюссельд алдсан гэж Консерватив нам үзсэн бөгөөд цаашдаа улс төрийн ямар нэгэн нягт холбоонд Их Британи элсэхгүй байх боломжийг Кэмерон шаардсан байна. Мөн Нийгмийн халамжийн тэтгэмжийг багасгах замаар Европын холбооны орнуудаас Их Британид шилжин суурьшигчдын одоогийн төвшнийг бууруулахыг Кэмерон зорьж байна.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)