“Исламын улс“ Израилийг заналхийлэв
- 2015-12-28
- Дэлхий
- 0

“Исламын улс“ бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль-Багдади ОХУ, АНУ, Европын холбоо болон Израилийн эсрэг заналхийлсэн мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдлийнхээ аудио бичлэгийг өнгөрсөн бямба гаригт интернэтэд байршуулсан байна. “Исламын улс“-ын тэргүүн олон улсын эвслийн бөмбөгдөлт тус бүлэглэлд хохирол учруулаагүй, дээрх орнууд халдлагынхаа төлөө өндөр үнэ төлөхөд хүрнэ гэдгийг өгүүлсэн аж. Абу Бакр аль-Багдади “Загалмайтнууд болон еврей нар Ирак, Афганистанд ялагдсан тул нутагт минь ирэх эрхгүй байсан” хэмээн мэдэгджээ. Мөн Израиль халдан дайрах нь гарцаагүй ба бүлэглэлийн гишүүд Палестины нутаг еврей нарын хувьд оршуулгын газар нь болох ёстойг мартаагүйг хэлжээ. “Исламын улс” бүлэглэлийн тэргүүн өнгөрсөн аравдугаар сард Иракийн цэргийн нисэх хүчний бөмбөгдөлтөд өртөж, хүнд шархадсан тухай мэдээлэл гарсан билээ. Үүнээс хойш тэрбээр тус бүлэглэлийн хяналтад буй Сирийн зүүн хойт хэсэг дэх Ракка болон Иракийн Мосул хотын хооронд шилжин байрлаж, бөмбөгдөлтөд өртөхөөс зайлсхийж буй аж. Сирийн курдүүд болон араб гаралтай босогчдын бүлэглэлийг нэгтгэсэн эвслийн цэргүүд өнгөрсөн долоо хоногт Ракка хотоос25 км зайд орших Ефрат мөрний даланг эзэлжээ. Үүний үр дүнд“Исламын улс” бүлэглэлийн зэвсэг хэрэгслийг нийлүүлдэг гол замын нэгийг хааж чадсан байна.

Сэтгэгдэл (0)