Саудын Араб, Ираны зөрчилдөөн газрын тосны үнийг өсгөлөө
- 2016-01-05
- Дэлхий
- 0

Саудын Араб улс Ирантай тогтоосон дипломат харилцаагаа тасалж, Ираны дипломатчдыг 48 цагийн хугацаанд тус улсын нутгаас гарч явахыг шаардаж, хоёр орны харилцаа хурцдах төлөвтэй болсон билээ. Саудын Арабын Дотоод хэргийн яамнаас тус улсад алан хядах ажиллагаа явуулсан гэх 47 хүнийг цаазалсныг өнгөрсөн бямба гаригт мэдээлсэн билээ. Цаазлагдсан хүмүүсийн дунд Саудын Араб дахь “Аль Кайда”-гийн салбар нэгжийн тэргүүн Фарис аз-Захрани болон шийт шашны номлогч ан-Нимр нар орсон юм. Шийт шашны номлогчийг цаазалсныг Иран, Ирак, Сирийн эрх баригчид буруушаажээ. Номлогч ан-Нимрын төрсөн хот болох Эль-Катиф болон Саудын Арабын зүүн хэсэг буюу шийтүүд зонхилон амьдардаг бүс нутагт олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, тэднийг тараахын тулд тэдний эсрэг, цагдаа нар хуягт техник ашигласан байна. Мөн Ираны Тегеран хотноо жагсагчид Саудын Арабын ЭСЯ-ны байрыг галдан шатаахад тус улсын цагдаа нар саад хийгээгүй аж. Хоёр орны харилцаа хурцадсантай зэрэгцээд даваа гаригт дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэж эхэлжээ. Саудын Арабын эрх баригчид сүүлийн зургаан сарын хугацаанд Йемен дэх иргэний дайнд оролцож, байлдааны ажиллагаанд их хэмжээний хөрөнгө зарцуулсан нь өнгөрсөн онд тус улсын төсвийн алдагдал98 тэрбум ам.доллар хүрэхэд нөлөөлсөн билээ. Саудын Араб улсын экспортын бүтээгдэхүүний 95, төсвийн 75 хувийг газрын тосны орлогоос бүрдүүлдэг.
Д.Болд

Сэтгэгдэл (0)