Умард Солонгос алсын тусгалтай пуужин туршихаар бэлтгэжээ

 

        Умард Солонгосын эрх баригчид тус улсын хойд хэсэгт орших Тончханри хэмээх туршилтын талбайд алсын тусгалтай баллистик пуужин туршихаар бэлтгэж буйг Японы “Киодо” агентлагаас мэдээлжээ. Сансрын хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт бэлтгэл хийж буй нь илэрхий болсныг Японы эрх баригчдад ойр эх сурвалж өгүүлсэн байна. Пуужингийн туршилтыг ойрын нэг долоо хоногийн хугацаанд хийх бололтой. НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүд Умард Солонгосын талд тавьсан хоригийг зөрчиж, цөмийн зэвсэг, баллистик пуужин туршсан талаар хэлэлцэхээр болсон юм. Тухайлбал, тус улсын хамгийн ойрын түнш болох Хятадын тал Умард Солонгосын эсрэг тогтоол батлахыг уриалсан аж. Умардын эрх баригчид энэ сарын6-ны өдөр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа мэдэгдсэн. Залуу удирдагч Ким Чен Ун энэ туршилт нь Солонгосын хойгт эмх журам сахиулж, цөмийн дайн дэгдэхээс сэргийлэх зорилготой хэмээн тайлбарлажээ. Үүнээс гурван өдрийн өмнө Умард Солонгосын тал баллистик пуужин амжилттай туршсанаа мэдээлж, видео бичлэг түгээсэн юм. Харин Америкийн мэргэжилтнүүд уг бичлэгийг хуурамч хэмээн үнэлсэн байна. АНУ-ын тал Умардын үйлдлийн хариуд Солонгосын хойгт стратегийн зориулалттай зэвсэг хэрэгслээ байршуулж эхэлжээ. Тухайлбал, Гуам арал дахь АНУ-ын цэргийн баазаас цөмийн цэнэгт хошуу бүхий далавчит пуужингаар зэвсэглэсэн“Б-52” бөмбөгдөгч онгоцоо Өмнөд Солонгост шилжүүлсэн аж.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)