А.Меркель цагаачдыг эх орондоо буцна хэмээн мэдэгджээ

 

        Германы канцлер А.Мер кель Сири, Иракаас ирсэн дүрвэгчдийн олонхи эх нутагт нь энхтайван тогтох цагт эргээд явна гэдэгт итгэдгээ мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт эрх баригч Христийн ардчилсан холбоо(CDU) намын Мекленберг-баруун Померан муж дахь салбар зөвлөлийн хуралдааны үеэр энэ тухай өгүүлж, 1990-ээд онд Югославын нутгаас ирсэн дүрвэгчдийн 70 гаруй хувь нь энх тайван тогтсоны дараа эх нутагтаа буцсан тухай дурдсан байна. Германд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1.1 сая гаруй цагаач хүрэлцэн ирж, тус улсаас орогнол хүссэн ба тэдний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй юм. Германы Дотоод хэргийн сайдын өгүүлснээр энэ он гарснаас хойш тус улсын хилээр өдөр тутам 2000 гаруй цагаач нэвтэрч буй нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дэндүү олон болсныг өгүүлжээ. Өнгөрсөн онд А.Меркель Герман улс цагаачдад ямар нэг саад, хязгаарлалт тавилгүйгээр хүлээн авна гэдгээ мэдэгдэж, тус улсын үүд хаалгыг нээснээр барууны орнуудад магтаал хүртэж байв. Гэвч тэдний тоо огцом нэмэгдэж, Европын орнууд ийм олон тооны цагаач хүлээн авах боломжгүй нь тодорхой болмогц олон нийтийн шүүмжлэлд өртөх болсон билээ. Ялангуяа шинэ жилийн өмнөх орой Германы Кёльн хотноо олон мянган цагаач зохион байгуулалттайгаар эмэгтэйчүүдэд халдсанаас хойш канцлерын бодлогыг шүүмжлэх нь улам нэмэгдсэн байна. Энэ хэргийн дараа явуулсан олон нийтийн санал асуулгаас үзэхэд Германы иргэдийн 40 орчим, эрх баригч эвслийн гишүүдийн 27 хувь нь канцлерыг цагаачдын талаар баримталсан бодлогынхоо төлөө огцрох ёстой гэсэн байр суурьтай болжээ. Энэ байдлыг харгалзан А.Меркель цагаачдын тоог хязгаарлах арга хэмжээ авахаа амлаж, тодорхой арга хэмжээ авч эхэлсэн юм. Тухайлбал, Хойд Африкийн орнуудаас ирсэн цагаачдыг эх оронд буцаах журмыг хялбаршуулж, дүрвэгчийн эрх олсон иргэдийн хувьд гэр бүлийнхээ гишүүдийг урьж авчрах хугацааг хойшлуулсан аж. Саяхан Германы нэгэн хотод цагаачдын орогнох байрны ойролцоо гранат дэлбэрсэн ч азаар хүн өртөөгүй байна. Германы шинэ сонголт хэмээх барууны чиг баримжаатай улс төрийн намын тэргүүн хилийн зурвасыг хамгаалж буй цагдаа нар цагаачдыг хил нэвтрэхээс тогтоон барихад шаардлагатай гэж үзвэл гал нээх эрх эдлэх ёстой хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, олныг шуугиулсан нь тэдний эсрэг үзэн ядах үзэл нэмэгдэж буйг харууллаа. Мөн Норвегид хөлбөмбөгийн фанатууд зохион байгуулалтад орж, дүрвэгсдийн орогнох байранд ажиллаж байсан 22 настай норвеги бүсгүйг Сомали гаралтай15 настай хэмээн өөрийгөө мэдүүлж, өсвөр насны, өнчин хүүхдүүдтэй байрлаж байсан залуу хутгалж хөнөөсний төлөө өшөө авахаар болжээ. Швед төдийгүй Европын бусад орнуудад нас нь 30 хүрсэн нь илт сахал ургасан эрчүүд өөрсдийгөө 16 хүрээгүй хэмээн мэдүүлж, хүүхдийн орогнох байранд амьдарч, хуулийн дагуу өсвөр насны хүүхдүүдтэй цуг хичээлд суух нь ховор зүйл биш аж. Харин Шведийн хөлбөмбөгийн фанатууд хар баг өмсч, Стокгольм хотын төмөр замын төв буудалд үүрлэж, олон нийтэд халддаг цагаач хүүхдүүдийг нэгтгэсэн дээрмийн бүлгийн гишүүдийг зодсон нь цаашид ийм зөрчилдөөн нэмэгдэнэ гэдгийг харуулсан байна.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.40.186)

    2016-02-01

    Энэ авгай мунгинаж гүйцжээ. Огцорсон нь дээр дээ. Германыг өвдөг сөхрүүлж мэдэх авгай гэдэг нь дэлхийд танигдаад байгаа юм биш үү.