В.Путин Монголын өрийг цайруулах хуульд гарын үсэг зурлаа
- 2016-02-01
- Дэлхий
- 0

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсад төлөх өрийг цайруулсан тухай гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан тухай сайхан мэдээлэл байна. “ОХУ, Монголын хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай 2010 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москва хотноо хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээг баталгаажуулах” хэмээн уг хуулийн агуулгад суулгаж өгчээ. Манай өрийг цагаатгахыг Холбооны зөвлөл нэгдүгээр сарын 27-нд дэмжсэн юм. Гэрээний дагуу бүх өрийн 97 хувь болох 174,2 сая ам.долларыг хэрэгсэхгүй болгох юм. Ингэснээр 97 хувийн өрөө цайруулсан Монголын тал 3,8 сая долларыг Оросын талд шилжүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Өр цайруулах хуульд дурдсанаар “Оросын өмнө Монголын хүлээсэн санхүүгийн шийдэгдээгүй асуудал байгаа нь хоёр талын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, хөгжилд саад болж байна” гэжээ.
ОХУ 2003 онд Орос Монголын нийт өр болох 11,4 тэрбум долларын 11,1 тэрбумыг хэрэгсэхгүй болсон юм. Харин үлдсэн 300 сая долларыг Монгол Улс шууд төлсөн байдаг. Мөн ОХУ-ын зүгээс 2010 онд манай улсын 180 сая долларын өрийг нь дахин хэрэгсэхгүй болгосон. Сүүлийн 20 жилийн дотор л гэхэд Москва гадаадын улс орнуудын Орост тавьсан 140 тэрбум долларын өрийг цагаатгасан юм. Кубын өрнөөс 30 тэрбумыг, БНАСАУ-ын өрнөөс 11 тэрбум долларын өрийг нь Москва хэрэгсэхгүй болгожээ. Мөн хойд хөрш 2006 онд Парисын зээлдүүлэгч нарын өмнө хүлээсэн Зөвлөлтийн өрийн 23,7 тэрбум долларын өрийг барагдуулсан юм. 2013 онд Москва Чехэд төлөх 3,6 тэрбум доллар, Черногорид төлөх 18 саяыг, Финляндад 30 сая долларыг төлж барагдуулсан байв. 2000 онд хаант Оросын Францад төлөх зуу гаруй жилийн өмнөх өрийг бүрэн төлж дуусгасан гэдэг.
Б.Төгөл

Сэтгэгдэл (0)