Сирид болсон халдлагын үеэр 122 хүн амиа алдав

 

        Сирийн Хомс, Дамаск хотноо цуврал халдлага болсны уршгаар 122 хүн амь насаа алдаж, олон хүн шархаджээ. Тус халдлагыг “Исламын улс” бүлэглэл зохион байгуулснаа хүлээн зөвшөөрсөн талаар Сирийн төрийн мэдлийн САНА агентлагаас мэдээлсэн байна. Тодруулбал, Дамаскт болсон халдлагын үеэр 46 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн шархадсан аж. Хүний эрхийн ажиглагчид энэ халдлагыг амиа золиослогч хоёр этгээд үйлдснийг тогтоожээ. Дэлбэрэлт оюутнууд болон засгийн газрын ажилтнууд руу чиглэсэн байсан талаар албаны хүмүүс мэдээлсэн байна. Хохирогчид дунд хүүхдүүд хүртэл байжээ. Германы Мюнхен хотноо энэ сарын эхээр болсон олон улсын хэлэлцээрийн үр дүнд Сирийн энхийн гэрээг баталсан ч газар дээрээ хэрэгжихгүй байна. Гал зогсоох гэрээг үл харгалзан сүүлийн хэдэн өдөр мөргөлдөөн үргэлжилсээр буй. Өнгөрсөн ням гаригт Иорданд болсон хэлэлцүүлгийн үеэр “Бид энхийн гэрээнд хүрэхэд ойрхон байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдсэн. Тэрбээр эвлэрэх арга замын талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьсан талаар тус улсын төрийн мэдлийн “Спутник” агентлагаас мэдээлжээ. Иргэний дайн эхэлсэн 2011 оноос хойш олон мянган гэмгүй иргэн амь насаа алдаж, нэг сая орчим хүн шархдаж, Сирийн иргэдийн тал хувь нь орон гэрээ орхин, дүрвэсэн талаар тайлан мэдээг НҮБ-аас гаргасан байна.

 

Ц.Гэрэлтуяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)