Д.Ганбаяр: “Хурд”-ынхан баяр ёслолыг ард түмэнтэйгээ 40 жил тэмдэглэж байна

 

         “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай ярилцлаа. Тус хамтлагийнхан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Инээмсэглэ бүсгүйчүүд” нэртэй тоглолт хийхээр бэлтгэж буй юм.

 

-Таны урлагт хөл тавьсан түүхээс ярилцлагаа эхэлье?

 

-Манай аавыг Ц.Дамба, ээжийг П.Лхамжав гэдэг. Миний хоёр буурай төмөр замд ажилладаг байсан. Тиймээс миний бага нас Рашаант төмөр замын өртөөнд орос цэргүүдийн байранд өнгөрсөн юм. 1968 онд оросын цэргийн ангийнхан өртөөнд ирж буудаллахад би анх гитар, пянз тоглуулагчийг харсан. Оросын офицерууд пянз тоглуулагчаа тавьж, гитараа тоглож байхдаа маш сайхан харагддаг. Миний урлагт хөл тавих анхны гараа орос ах нараар гитар, бөмбөр хөгжим заалгахаас эхэлж байсан. Манай өртөөнийхөн өглөө босоод орос цэргүүд дээр очиж өдөржин бөмбөр тоглож орой халтар царайлаад гэртээ ордог байлаа. Тэр орос цэргийн анги надад Монголын рок поп ертөнцөд эргэлт буцахгүй орох замыг заасан гэж ойлгож болно. Мөн миний ээж баян хуур тоглож, дуу сайхан дуулдаг. Ээжийнхээ авьяасыг бид өвлөж авсан байх.

 

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр танай хамтлагийнхан тоглолт хийхээр болсон. Энэхүү тоглолтоо хэд дэх жилдээ хийж байна вэ?

 

-“Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолт аль хэдийнэ брэнд болчихсон тоглолт л доо. Учир нь манай хамтлаг 1998 оны гуравдугаар сарын 8-нд “Эргэн дурсахуй”-д анхны хоолтой, уух юмтай шоу тоглолт зохион байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш гадаад яваад завсардсаныг эс тооцвол жил алгасахгүй бид энэ тоглолтоо хийдэг. “Хурд”-ын тоглолтыг гуравдугаар сарын 8-нд хүлээдэг, үзэхийг хүссэн хүн олон байдаг болохоор бид өнгөрсөн жилээс өдрийн цагаар тоглолтоо тоглоод оройн цагаар үдэшлэг шоу зохиодог болсон.

 

-Та баяр ёслолыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

 

-Ер нь урлагийн хүмүүс баяр ёслолоор түмэн олондоо үйлчилсээр байгаад таардаг юм. Миний хувьд хамгийн гоё баярыг шинэ жил гэж боддог. Бусад баяраар ихэвчлэн өөрөө бус өрөөлийг баярлуулдаг. Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бас л эмэгтэйчүүдээ баярлуулах гэж байна. Би урлагт хөл тавиад 40 жилийг үдэж байна. “Хурд” хамтлагийнхан 40 жил баяр ёслолыг ард түмэнтэйгээ тэмдэглэж байна. Бид үүнийгээ их буянтай ажил гэж боддог.

 

-Та Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ээжийгээ хэрхэн баярлуулах вэ?

 

-Хамгийн түрүүнд ээжийн ачийг мөнгө төгрөгөөр хариулах бус сэтгэлийг нь амар тайван байлгах гэж бид ойлгодог. Энэ олон эрэгтэй хүүхдүүд энд тэнд архи дарс ууж зодоон нүдээн хийхгүй байхыг ээждээ өгч байгаа хамгийн том бэлэг, амар амгалан байлгах хэмээн боддог. Мэдээж баяр ёслол болохоор ээж аавдаа юу хэрэгтэй байна, түүнийг нь авч өгнө.Нэг хамтлагийн дөрвөн сайхан залуу ах дүүс болохоор гэр бүл тэр урлаг урсгалаар тэр чигтэй амьсгалах нь зүй ёсны хэрэг. Бидний хоёр буурай рок хүмүүс л дээ. Тиймээс ч жил бүрийн тоглолтоо үзүүлдэг. Гэхдээ зарим хүмүүс шиг олны дунд цэцэг барьж явдаггүй, зүгээр л дуугаараа монголынхоо ард түмнийг баярлуулж байна хэмээн харуулдаг юм.

 

-Та эхнэрээ танилцуулна уу. Энэ жил хэрхэн баярлуулъя гэж бодож байна даа?

 

-Миний ханийг Оюунгэрэл гэдэг. Бид ханилан суугаад 27 жил болж байна. Одоо гурван сайхан хүүхэдтэй. Хүний амьдрал болсон хойно бидэнд муудалцах үе ч гардаг. Надад нялуун зан байдаггүй. Манай эхнэр ч надтай адилхан. Ер нь бол тэгээд үүрэг хариуцлагаа дор бүрнээ ухаарцгааж эцэг эхийн үүргээ сайн биелүүлдэг шүү дээ. Бусдын амьдралаас ялгараад байх юм огт байхгүй. Баяр ёслолоор онцлоод бэлэг сэлт ч өгдөггүй. Хайртай ханьдаа өгөх бэлэг урмын үг, миний дотор үргэлж хадгалаастай байдаг. Мөн ажил төр-лийг минь дэмжиж миний ард бат түшигтэй байдаг хайртай ханьдаа “Монголын үнэн” сониноор дамжуулаад “Мартын8”-ны баярын мэнд хүргэе.

 

-Танай хамтлагийнхан энэ жил “Цэргийн бодол” тоглолтоо хийх үү?

 

-Хоёр жил дараалаад тоглож чадсангүй. Алдарт “Цэргийн бодол” тоглолтоо энэ жил тоглох санаатай байна. Гэхдээ энэ бол яг баттай шийдвэр биш юм шүү. Би яг одоо ганцаараа шийдээд ам гарч чадахгүй. Гуравдугаар сарын 18-ны өдөр тоглолт хийх газар, бидний зав зай яаж таарахыг мэдэхгүй байна. Ямар ч шийдвэрт хүрсэн бай бид эрчүүдээ мартаагүй байгаа гэдгээ хэлмээр байна.

 

Ц.Соёл-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)