НҮБ Сири дэх хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлнэ
- 2016-03-01
- Дэлхий
- 0

НҮБ-аас Сирийн 150 мянган иргэнд ойрын таван өдөртөө багтан тусламж хүргэхээ мэдэгджээ. НҮБ-ынхан сөргөлдөгч талууд гал зогсоох гэрээ хэрэгжиж буйг ашиглан нийт 1.7 сая хүнд туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Гал зогсоох гэрээ өнгөрсөн бямба гаригаас хэрэгжиж эхэлсэн ба хоёр талын төлөөлөгчид эсрэг тал нь гэрээг зөрчсөн тохиолдлуудын талаар мэдээлсэн аж. НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулагч гал зогсоох гэрээ нь Сирийн иргэдийн хувьд өнгөрсөн таван жилийн хугацаанд энх тайван, тогтвортой байдалтай золгох хамгийн том боломж олгосныг өгүүлжээ. НҮБ-аас “Исламын улс” бүлэглэлийнхэнд бүслэгдсэн Дэйр аль Зур хотынхонд хүмүүнлэгийн тусламжийг өнгөрсөн долоо хоногт нисэх онгоцноос шүхрээр буулган хүргэх оролдлого бүтэлгүйтсэн байна. НҮБ-ын тооцоогоор Сирийн нутагт нийт 500 мянган хүн сөргөлдөгч талуудын бүслэлтэд орж, хүнс, өргөн хэрэглээний барааны дутагдалд орсноос өлсгөлөнд нэрвэгджээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)