Г.Чинзориг: Тоон гарын үсгийг энэ сарын дундуур хэрэгжүүлнэ

 

         Цахим гарын үсгийн тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх байсан ч хойшлуулсан билээ. Энэ талаар Монголын технологи, шуудан, харилцаа холбооны газрын Харилцаа холбоо, шуудангийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Чинзоригтой ярилцлаа.

 

-Хуулийн дагуу цахим гарын үсгийг хэрэглэх ажлыг ямар шалтгаанаар хойшлуулав. Ер нь тоон гарын үсгийг яг хэзээнээс хэрэгжүүлэх вэ?

 

-Нууцлалын аюулгүй байдалтай холбоотой дүгнэлт гаргадаг байгууллагын зөвшөөрлийг хүлээж байна. Ерөнхийдөө энэ сарын дундуур тоон гарын үсгийн нээлтийг хийнэ.

 

-Иргэдэд цахим болон тоон гарын үсэг гэх ойлголтыг тайлбарлана уу?

 

-Цахим гарын үсэг гэдэг нь ерөнхий нэр томъёолол бөгөөд дотроо олон янз байдаг. Тэр дотроос нь Монгол Улс хуулийн дагуу тоон гарын үсгийг сонгож авч хэрэгжүүлж байна. Тоон гарын үсэг нь хувийн болон нийтийн гэсэн хоёр түлхүүртэй. Нийтийн түлхүүрийг олон нийтэд ил байлгаж болдог. Хувийнх нь тухайн хүний нууцыг хадгална. Энэ түлхүүртээ гэрчилгээ авах ёстой. Гэрчилгээ нь тухайн иргэний нэр, албан тушаал, гарын үсгийн хүчин төгөлдөр байх хугацаа зэргийг агуулсан байна. Иргэд ерөнхийдөө тоон гарын үсэг гэж нэрлэж хэвших нь зөв юм.

 

-Тоон гарын үсэгтэй болсноор ямар ач холбогдолтой вэ?

 

-Цахим гарын үсгийг хэрэглээ талаас нь харвал илүү ойлгомжтой байх. Хууль хэрэгжсэнээр иргэд тоон гарын үсгээр баталгаажсан цахим баримт бичгийг ашиглах боломжтой болох юм. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд баримт бичгийг цаасан хэлбэрээр бэлтгэх, биеэр аваачиж өгөх, гарын үсэг зурах, тамга дарах, аюулгүй байдлыг хангах зэрэг олон үйлдлийг хөнгөвчилж, төрийн болон бизнесийн олон төрлийн үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ нууцлалтай найдвартай хэлбэрээр хадгалах, илгээх зэрэг олон давуу тал бий болж байгаа юм. Уг гарын үсгийн хамгийн эхний хэрэглээ нь баримт бичгийг баталгаажуулах гарын үсгийг зурах асуудал. Үүний дараа төрөл бүрийн үйлчилгээнд ашиглах боломжтой болно. Жишээлбэл, банкны үйлчилгээ авахад хэрэглэнэ. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал мөнгийг хэмнэхээс эхлээд ач тустай юм.

 

-Иргэд тоон гарын үсгийг хэрхэн авах вэ?

 

-Цахим иргэний үнэмлэхээр авахыг зөвлөж байна. Үнэмлэх дээр тоон гарын үсгийн хос түлхүүр болон гэрчилгээг бичиж өгснөөр иргэд цахим үйлчилгээнд түүнийгээ ашиглан найдвартай, нууцлалтайгаар харилцах боломжтой. Харин аж ахуйн нэгж, байгууллага UBS токенд (аюулгүй байдлыг хангах зориулалттай, нэг удаагийн нууц үг үүсгэх төхөөрөмж) нууцлалын өндөр зэрэглэлтэйгээр гэрчилгээг бичүүлж авна.

 

-Гэрчилгээг авах иргэн, аж ахуйн нэгж ямар бичиг баримт бүрдүүлэх вэ. Заавал авах шаардлагатай юу?

 

-Татвар төлөгч нь цахимаар хүсэлт, өргөдөл, гэрээ (хоёр хувь), аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар, тоон гарын үсгийг эзэмших эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн хуулбар, тоон гарын үсгийг хадгалах төхөөрөмж, цахим иргэний үнэмлэхтэйгээ харьяа дүүргийн татварын албанаас очиж авна. Иргэн бол заавал авах шаардлагатай гэсэн ойлголт байхгүй.

 

-Гэрчилгээг авахад төлбөр төлөх үү?

 

-Хувь хүн гэрчилгээний үнэ болох 5000 төгрөг төлнө. Мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас иргэний үнэмлэх рүү хандах бичилтээс эхлээд бүх зүйлийг хийж байгаа. Үүнд 1000 төгрөгийн хураамж авахаар ярьж байна. Энэ нь нэг жилийн хугацаатай. Харин аж ахуйн нэгж, байгууллагууд 40 мянган төгрөгөөр авна гэдгийг “Монпасс” компани гаргасан. Эхний ээлжид зардлаа нөхөх биш, иргэдэд хямд боломжит үнээр хүргэхийг эрмэлзэж байна. Цахим гарын үсгийн тухай хуулиар Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байх ёстой юм. Үүний дагуу “Монпасс” компанитай хамтран ажиллаж байна.

 

-Эхний ээлжид ямар газруудад хэрэгжүүлэх вэ. Үйлчилгээ хэзээ жигдрэх бол?

 

-Цагдаагийн ерөнхий газар, Зам тээврийн яам, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж үйлчилгээний газарт хэрэгжүүлнэ. Энэ мэтчилэн төрийн байгууллагад цаашид банк, бусад байгууллагад үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Аж ахуйн нэгжүүдэд тоон гарын үсгийн гэрчилгээг ирэх сарын 1-нээс олгож эхлэх байх. Тухайн үед нь “Монпасс”-аас мэдээллийг өгнө. Энэ жилдээ багтаад бүх аж ахуйн нэгж Тоон гарын үсгээ ашиглаад жигдэрчихнэ. Орон нутгийн иргэдийг ажлын явц, алдаа оноон дээр тулгуурлан тодорхой хугацааны дараа үйлчилгээнд хамруулна.

 

-Одоогоор иргэдийн хандалт хэр байна?

 

-Одоохондоо иргэдийн зүгээс зогсоо зайгүй асууж лавлаж байгаа зүйл манайд болон 1111 төвд ирээгүй. Хэвлэлийнхэн л асууж мэдээлэл авч байна. Агентлагийн зүгээс хэрэгцээ шаардлагыг улам бүр нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)