”Монгол цэргийн бахархал “ өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа
- 2016-03-04
- Үнэн
- 0
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБ ”МОНГОЛ ЦЭРГИЙН БАХАРХАЛ “ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн өлмий болсон “Монгол цэрэг” туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн дайчин уламжлалаар шинэ цагийн Зэвсэгт хүчин хөгжсөөр байгаа билээ.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2016 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөний дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэргийн бахархал” сэдэвтэй өдөрлөгийг ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтран зохион байгуулж байна.
Өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын ирээдүй болсон оюутан залууст Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэр тусмаа нийслэл, дүүрэг болон орон нутагт 3 дахь жилээ зохион байгуулагдах гэж байгаа Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн арга хэмжээг сурталчлан таниулахад оршиж байгаа юм.
Энэ хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийгдсэн. Мөн их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн, залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болж байгаа билээ.
Энэ өдөрлөгийн арга хэмжээнд;
- Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын орлогч, хурандаа Ц.Анхбаяр
- Бэлтгэл хошууч генерал Ч.Самбуу
- МТС-ийн захирал, доктор, дэд профессор Д.Цолмонбаатар
- Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл
нарын хүндэт зочид уригдан оролцож байгаа юм.
Хөтөлбөрийн дагуу ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Баттүшиг “Олон улсын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо” сэдвээр иргэдэд танилцуулах мэдээлэл хийсэн.
Энэ өдөр 18 нас хүрсэн иргэдэд Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах, Механик тээврийн сургуулийн бэлтгэл хурандаа ахмад багш нарт хүндэтгэл үзүүлсэн.
Олон улсын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо болон “Оюутан-Цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай баримтат кино үзүүлэх
Өдөрлөг дээр Монголын цэргийн музей болон Зэвсэгт хүчний зэвсгийн үзэсгэлэн танилцуулга тавигдсан нь оюутан залууст сонирхолтой байлаа. Тус арга хэмжээнд сургуулийн авъяаслаг оюутны хамт, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин хөгжимчид иргэдэд урлагийн тоглолт толилуулсан.






Сэтгэгдэл (0)