Цасан шуурга ба ХҮН-ынхан бужигнасан долоо хоног
- 2016-03-05
- Үнэн
- 0

Цаг агаарын онц аюултай үзэгдэл боллоо
2016 оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс аймагт цасан шуурга болж, зарим газарт салхины хурд 30 м/сек хүрч, цаг агаарын онц аюулт үзэгдэл боллоо. Нийт нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсантай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гамшгийн болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Өчигдрийн байдлаар байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 83 хүн шуурганд төөрч, сураггүй болсныг онцгой байдлын асуудал хариуцсан эрхэлсэн байгууллагын албан хаагчид, орон нутгийн удирдлагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах ажиллагааг явуулсны дүнд өнөөдөр 16.00 цагийн байдлаар 81 хүнийг эсэн мэнд олж, Архангай болон Баян-Өлгий аймгийн 2 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Сураггүй болсон иргэдийн дунд гадаадын 12 иргэн байсныг эсэн мэнд олжээ.
Мөн энэ сарын сарын 5-7-ны өдрүүдэд төвийн болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын онц аюулт үзэгдэл болох төлөвтэй байгаа аж.
Одоогийн байдлаар Улаанбаатар хот болон хот хоорондын бүх товчоонуудыг хаагаад байна.
Нам, эвслүүд энэ сонгуулиар сурталчилгаандаа 3.4 тэрбумыг төгрөг зарцуулна
Намууд болон эвслүүд сонгуулийн үеэр хэдэн төгрөгийн төсөв зарцуулах талаарх мэдээллийг өнгөрч буй долоо хоногт нийтэд зарлалаа. Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн хувилбараар зарлалаа юм. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоожээ. Үүнээс хэтрүүлэхгүй байх шаардлагыг нам, эвслүүдэд тавих аж.
Өнгөрсөн 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нэг нам эвсэл 9.6 тэрбумыг зарцуулна гэж тогтоож байсан. Харин энэ жил дээрх мөнгөнөөс бараг гурав дахин бага тогтоосон нь эдийн засгийн хямрал болон сонгуулийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн гэж тайлбарласан юм.
МАН, МАХН хоёр баяраа хамтарч тэмдэглэв
2012 онос эхэлж "Эх орончдын баярыг" хамтарч тэмдэглээгүй МАН, МАХН уг баяраа өнгөрсөн долоо хоногт хамтарч тэмдэглэлээ. Уг баярыг булаацалдаж ирсэн хоёр нам энэ хавар тохиролцоонд хүрч дээрх баярыг ийнхүү хамтарч тэмдэглэсэн юм. Баяраа хамтарч тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас анх МАН-д тавьсан. Уг хүсэлтийг нь МАН-ын удирдлагууд хүлээн авч хамтдаа тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.
Гуравдугаар сарын 1-ны өдөр хоёр намын удирдлагууд Сүхбаатар жанжины хөшөөнд цэцэг өргөсөн ба баярын хурал, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулснаар "Эх орончдын баяр"-аа өндөрлүүлсэн юм. Улс төрийн зарим эрхмүүд уг үйл явцийг хоёр намын нэгдэх процессын эхний алхам гэж таамаглаж байна. Гэвч хоёр намын нэгдэх болон сонгуульд эвсэл болж оролцох эсэх нь туйлын эргэлзээтэй байна.
Энэтхэгээс зээлэх нэг тэрбум ам.долларын чимээ дуулдав
Өнгөрсөн тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлах үеэрээ дурдсан нэг тэрбум долларын зээлийн шугамын тухай хэлэлцээг хоёр улс ирэх сард эхлэх гэж байна.
"Ирэх сард Монголын төлөөлөгчид Энэтхэгт айлчилж, Ерөнхий сайд Модигийн дурдсан тэрбум долларын зээлийн шугамын тэргүүлэх чиглэлийг тодорхойлно гэж бид төлөвлөж байна. Монгол, Энэтхэгийн төлөөлөгчид дэд бүтэц, мэдээлэл-технологи, боловсролын төслүүдийн тухай хэлэлцээ хийнэ" гэж Монголыг чиглэсэн Энэтхэгийн бодлоготой ойр байдаг албаны эх сурвалж мэдэгдэв.
АН-ын удирдлагууд тойргоос нэр дэвшинэ
Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд хэн хаана нэр дэвших талаарх яриа ид яригдаж байна. Тэгвэл өнгөрч буй долоо хоног АН-ын удирдлагууд энэ сонгуулиар намын нэрийн жагсаалтад биш тойргоос нэр дэвших талаар тохиролцсон гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын татлаа.
Тодруулбал, АН-ын дарга З.Энхболд анх УИХ-д гарсан тойрог болох Өвөрхангай аймагт нэр дэвших аж. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ээжийнхээ нутаг болох Дорнод аймагт нэр дэвшихээр төлөвлөжээ. Дорнод аймагт АН-аас Зам, тээврийн сайд С.Зоригт болон Ч.Сайханбилэг нар АН-аас хүч үзэх юм байна. Дашрамд дуулгахад намын бусад гишүүд нь дарга нараа нэрийн жагсаалтад орохыг эсэргүүцсэн гэнэ. Мөн АН-ын ирэх сонгуульд орох тактик ажээ. Тодруулбал тэд тойргоос аль болох олон суудал авахын тулд олонд танигдсан авторуудаа нэр дэвшүүлэхээр тохиролцсон ажээ.
ХҮН-ын "хоёр" даргатай болов
Өнгөрч буй долоо хоногийн хамгийн халуухан үйл явдлаар яалтчгүй ХҮН-ын асуудлыг нэрлэж болохоор байна. Тодруулбал, намынхаа хурлыг гуравдугаар сарын 3-нд хийхээр төлөвлөөд байсан ч өмнөх нь өдөр нь Б.Найдалаа, Т.Доржханд тэргүүтэй хэсэг бүлэг эрхмүүд Намын төв хорооны хурлаа зохион байгуулж ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж оронд нь дэд дарга Б.Найдалааг намын даргаар сонгосон юм. Улмаар тэд сэтгүүлчдийн өмнө тамга тэмдгийг нь Б.Найдалаад гардуулж өгсөн. Гэтэл уг үйлдлийг С.Ганбаатарын талынхан эсэргүүцэж хууль бус хурал зохион байгууллаа гэж үзээд маргааш нь товлосон ёсоор хуралдаж Б.Найдалааг намын дүрэм зөрчсөн хэмээгээд намаасаа хөөчихсөн.
Ингээд шинээр байгуулагдаад удаагүй байгаа ХҮН-ынхан дотооддоо хагаралдаж олон нийтийн дургүйцлийг хүргэсээр байна гэхэд болно. Ямар ч байсан ирэх долоо хоногоос уг асуудал нэг тийшээ шийдэгдэх байх. Гэхдээ тамга тэмдэгийн хэрүүл нэлээд өрнөх болов уу.
Г.Ган

Сэтгэгдэл (0)