”Absolute” төв тэтгэлэг зарлаж байна

 

        Англи хэлний “Absolute” төв сургалтаа эхлээд 15 жил болжээ. 2016 онд тус төвийн 15 жилийн ой тохиож байгаа. “Absolute” –ийнхэн энэ ойн хүрээндээ англи хэл сурч, гадаадын их дээд сургуулийн тэтгэлэг хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтэй ч амьдралын боломжгүйгээсээ энэхүү зорилгоо биелүүлж чаддаггүй хүүхдүүдийг сургалтдаа хамруулж, TOEFL, IELTS-ийн шалгалтад үнэ төлбөргүй бэлтгэж өгөх зорилтот төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Absolute” төв яг хичнээн хүүхдийг үнэ төлбөргүй сургалтдаа хамруулах боломжтой вэ, гадаад орны Засгийн газраас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд оюутан, сурагчид юуг анхаарах ёстой вэ, дэлхийн томоохон сургуулиудад сурахын тулд яагаад заавал англи хэлээр TOEFL, IELTS-ийн шалгалтыг өгөх шаардлагатай вэ зэрэг нийгэмд түгээмэл байдаг хариултгүй асуултад тодорхой хариулт авахаар “Absolute” англи хэлний сургалтын төвийн сургалтын албаны дарга Д.Энхзаяатай ярилцлаа.

 

“Absolute” сургалтын төв 2001 оноос тусгай зөвшөөрөл аваад албан ёсны үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг. Энэ хугацаанд хэчнээн хүүхдийг тэтгэлэгт хамруулж бэлтгэв?

 

-Манайх 2001 онд байгуулагдаад өдий хүртэл 15 жилийн хугацаанд англи хэлний  чанартай боловсролыг олгохын зорилгоо болгон ажилласаар ирлээ. Энэ хугацаанд нэг ээлжиндээ 120-150 хүүхэд хамрагддаг гэхээр давхардсан тоогоор 30 гаруй мянган хүүхэд манай сургалтад хамрагдсан . Тэдгээр суралцагчдын дөрөвний нэг орчим хувь нь TOEFL, IELTS өөрөөр хэлбэл гадаадын сургуулиудад элсэх хэлний шалгуур тестэд тодорхой онооны болзол хангах шалгалтуудад бэлтгэгддэг. Үүнээс ихэнх нь буюу 70% нь олон орны Засгийн газар хоорондын тэтгэлгүүд, сангуудын, мөн сургуулийн гэх мэт олон төрлийн тэтгэлэгүүдэд хамрагдлаа. Манай төв дээр эдгээр хүүхдүүдийн зураг, онооны сертификатаар өдөр бүр үзэсгэлэн гаргаж байгаа.

 

-Англи хэлийг ямар байдлаар хүнд хүртээмжтэй байлгана гэж бодож байна?

 

-2016 онд “Аbsolute” төвийн 15 жилийн ой тохиож байгаа. Урьд нь манайх “Монгол орны төлөө цохилох зүрхтэй амьдарцгаая” гэсэн уриан дор жил бүр нийгмийн хариуцлагат ажлынхаа хүрээнд нийгмийн эмзэг давхаргын, амжиргааны түвшин доогуур өрхийн сурах чин хүсэл эрмэлзэлтэй, авъяаслаг хүүхдүүдийг анхан шатнаас нь төлбөргүй сургасаар ирсэн. Тэдэн дунд TOEFL-ийн шалгалт өгч АНУ-д сурч ирээд ажиллаж буй хүүхдүүд ч бий. Бид ойгоо тохиолдуулан энэ үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлье гэсэн зорилготой ажиллаж байна. Тэгэхээр эдгээр суралцагч хүүхдүүд нь санхүүгийн боломжгүйгээс гадна авьяастай хүүхдүүд байх ёстой. Үүнд заавал англи хэлний гэлтгүй спортын тэмцээнүүд, олимпиадуудад оролцон амжилт гаргасан байж болно. Иймээс энэ хөтөлбөрийг сонирхож буй хүүхдүүд ирэх зургадугаар сарын 1-ээс өмнө  манайх дээр ирж уулзан, материал бүрдүүлж анкет бөглөх шаардлагатай. Тавьсан шаардлага хангасан хүүхдүүд анхан шатнаас TOEFL, IELTS-ийн ангийг дүүргэх хүртэл төлбөргүй суралцах боломжтой.

 

-Төлбөргүй сургах хүүхдийн тоо хязгаартай юу?

 

-15 хүүхэд.

 

-Танайд эмзэг давхаргын хүүхдүүд их ирдэг үү?

 

-Өмнө нь “Монгол орныхоо төлөө цохилох зүрхтэй амьдарцгаая” гэсэн үйл ажиллагааг хэвлэл мэдээллээр зарлуулдаг байхад маш их хүүхдүүд ирдэг байсан. Харин одоо харьцангуй цөөн байна. Жилд ихдээ 10 орчим байдаг. Энэ тохиолдолд бид заавал санхүүгийн боломжгүй гэсэн түвшнийг хардаггүй. Үнэхээр хичээл чармайлттай суралцвал бид дараагийн ангид нь оруулж, төлбөргүй суралцуулах тал дээр анхаардаг.

 

-Үүнээс өөр аян зохион байгуулж байгаа юу?

 

-Манайх боловсролын байгууллага ийм учир хагас хүмүүнлэг байх ёстой. Товчхондоо бид сургалтыг бизнесийн нүдээр хардаггүй. Энэ утгаараа   2014 онд ЭХЭМҮТ-ийн зүрх судас, холбогч эдийн тасагт амьсгалын замын утлагын аппарат, нярайн зориулалтын цусан дахь хүчилтөрөгч хэмжигч хандивласан. 2015 онд хотын захын дүүргийн хүүхдийн эмнэлэг буюу Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд мөн адил аппаратыг тус бүр хоёр ширхгийг хандивлалаа. Үүний цар хүрээг илүү тэлж цаашид жил бүр идэвхитэй хэрэгжүүлэх болно. Манай улсын эдийн засгийн байдал одоо хүнд байна, эмнэлэгүүдийн төсөв хязгаарлагдмал энэ үед үүнийг байгууллага бүр өөрийнхөө боломжоор гар бие оролцон дэмжих хэрэгтэй болов уу гэж бодож байна.

 

-Анхан шатнаас TOEFL хүртэл хэдий хэр удаан хугацаа зарцуулах вэ?

 

-Анхан шатнаас TOEFL хүртэл доод хязгаар нь найман сарын хугацаа зарцуулагдана. Ингээд бодоод үзвэл их дээд сургуульд “Англи хэлний багш” мэргэжлийг бэлтгэхдээ дөрвөн жилийн хугацаатай бэлддэг. Гэтэл ийм бага хугацаанд бэлдэнэ гэдэг тухайн суралцагчаас ч сургуулиас ч  маш их зүтгэл шаарддаг.Ийм учир хуваарьт хичээлд хамрагдах төдийгүй өдөр бүр явагддаг төлбөргүй давталагнаас гадна, америк багштай ярианы клубуудэд хамрагдах хэрэгтэй.  Манайд энэ хөтөлбөрөөр үр дүнд хүрсэн хүүхдүүд байгаа. Саяханы жишээнээс дурдвал Унгар улсын засгийн газрын тэтгэлгээр явсан Б.Отгонбаяр, Хятад улсын засгийн газрын тэтгэлэгээр П.Лхагвагарав гэх мэт тэнцсэн цөөнгүй хүүхдүүд бий.        

 

-Тэгэхээр TOEFL, IELTS-ийн шалгалтад ажил, хичээлээсээ суралцагч өөрийгөө бүрэн чөлөөлж байж найман сарын хугацаанд бэлдэх үү?

 

-Найман сарын хугацаанд бүх зүйлээ золиослон юм сурна гэж байхгүй байх л даа. Яг ажлын найман цаг байлаа гэж бодоход үлдсэн цагт нь сурахаасаа гадна давхар оройн цагаар суралцаж болно. Үүнд Бямба, Ням гаригууд байж болно. Эсвэл өглөө эрт ирээд ажлын хажуугаар суралцах боломжууд бий. Ихэвчлэн манайд сурч буй хүүхдүүдийн 90 хувь нь ажлын хажуугаар суралцаж буй хүмүүс байдаг. Зарим нь ажлынхаа амралтыг аваад эсвэл өвлийнхөө амралтыг аваад ч юм уу, эсвэл жилийн чөлөө аваад суралцах тохиолдол байдаг. Тэгэхээр ажил бол хэл сурахад төдийлөн төвөг удаад байх зүйл биш гэж хэлмээр байна. Хүн аливаа зүйлийг золиослон нэгийг олж авах бус амжуулж сурах хэрэгтэй.

 

-Танайд ирж буй Англи хэл сурах эрмэлзэлтэй хүмүүс дунд TOEFL-ийн ямар ч мэдлэг, мэдээлэлгүй хүмүүс байгаа байх. Эдгээр хүмүүс Засгийн газрын тэтгэлэг зэрэг мэдээллийг танайхаас ирээд авч болох уу?

 

-Бид энэ тал дээр төлбөргүй мэдээлэл өгдөг. Манайд ирээд шалгалт өгөхөд яг юу хэрэгтэй вэ гэсэн хүмүүс байдаг. Бид түвшин тогтоох шалгалтыг төлбөргүй авч өгдөг. Бид мөн ямар орны тэтгэлгүүдийг хэдэн сард гарах тухай мэдээллийг хангаж өгдөг. Бас түвшин тогтоох шалгалтыг манай сайт дээр онлайнаар өгөх боломжтой. Энэ мэдээллүүд манай веб сайт, фэйсбүүк хуудас дээр байгаа.Одоогоор хавар бол тэтгэлгийн сезоны улирал болохоор олон засгийн газрын тэтгэлгүүд зарлагдаад материалаа аваад шалгаруулахад 5 юм уу 6 сард бүх зүйл шийдэгддэг.

 

-TOEFL, IELTS хоёр ямар ялгаатай вэ? Үүнийг мэдэж амжаагүй хүмүүст илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

 

-IELTS, TOEFL-ийн шалгалтууд нь хоёулаа англи хэлний академик түвшний ярих, унших, бичих, сонсох гэсэн 4 чадварыг шуудаар, дүрэм, үгсийн сан,логик, зохион байгуулалтыг шууд бусаар шалгадаг. IELTS нь бичгээр цаасан дээр өгдөг бол, TOEFL нь компьютерт суурилсан юм. Хамрах хүрээний хувьд IELTS  Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Канад гэх мэтчилэн орнуудад хүлээн зөвшөөрөгддөг байлаа. Гэтэл IELTS-ийн шалгалтыг Америкийн их дээд сургуулиудын 90% хүлээн зөвшөөрдөг болчихсон.  Нөгөө талаар TOEFL, IELTS-ийн_ оноонуудыг хооронд нь дүйцүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл IELTS-ийн шалгалтын 9 оноо TOEFL-ийн шалгалтыг 120 оноо гэх мэтээр хооронд нь дүйцүүлж бодох юм. TOEFL-ийн шалгалт нь дэлхийн 130 гаруй орны 7,000 гаруй их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг хэдий ч эсрэгээрээ Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг оронд одоогийн байдлаар хүлээн зөвшөөрөгдөөгүй. Үргэлжлэх хугацаагаараа TOEFL-ийн шалгалт дөрвөн цаг гаруй үргэлжилнэ. IELTS-ийн шалгалт хоёр цаг 40 минут үргэлжилнэ, ярианы хэсгийг нэмбэл ойролцоогоор гурван цаг. Арга барилын хувьд IELTS-ийг гадаадын их сургуульд суралцаж, ажиллаж амьдарч байсан, олон улсын байгууллагад ажилладаг гэх мэтчилэн англи хэлийг орчинтойгоо холбон сурж байгаа хүн өгвөл илүү зүгээр. Харин TOEFL-ийг үргэлжлэх хугацаа, бичих эссений үгийн тооны ихээс шатгаалан уйгагүй хүмүүст тохиромжтой. Academic гэдгийн ерөнхий Англи хэлнээс ялгаатай нь шинжлэх ухааны салбаруудын болон гадаадын их дээд сургуульд очоод сурахад ямар ч асуудалгүй байх бүх салбарын хэлний мэдлэг сайн байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Хими, Биологи, Одон орон, Сансар судлал, Математик, Анагаах, Улс төр, Сэтгэл судлал гэх мэт үгийн баялаг маш ихийг шаарддаг. Үүнд унших,сонсохоос гадна бичгийн зохион байгуулалт өндөр түвшинд байх, яриа логиктой байх хэрэгтэй. Хэдийгээр тухайн хүүхэд Англи хэлний үг, дүрэмдээ сайн байсан ч гэсэн санаа орж ирдэггүй тохиолдол ч байна. Жишээлбэл “Та бага насны хүүхдийг вакцинжуулахыг дэмждэг үү, үгүй юу” гэсэн асуултанд 30 минутанд 300 үгтэй эссе бичихэд яаж логиктой хөгжүүлэх санаан дээрээ бүдрэх үе байна. Иймээс суралцагчид өөрийнхөө  ерөнхий мэдлэг,олон төрлийн мэдээллээр баяжуулж байх ёстойг анхаарах шаардлагатай.

 

-ТOEFL-ийн шалгалтыг энд бэлдсэн хүүхдүүд хамгийн өндөр оноог нь авдаг гэсэн мэдээлэл байдаг? Залуучууд яг аль орноос зарлагдсан тэтгэлэгт  хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байна?

 

-Манай оюутан Б. Билгүүн TOEFL iBT-ийн шалгалтын 117 оноо( Монголын рекорд) авч одоо АНУ-ын Калифорнийн их сургуульд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгээр сурч байна. Тэтгэлэгүүдийн тухайд гэвэл Монгол улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, АНУ, Европын Холбооны ERASUS MUNDUS, Японы засгийн газрын МонбүКагакүшо, Сингапур, Энэтхэг, Солонгос, Хятад гэх мэт маш олон байгаа. Мөн Засгийн газрын тэтгэлгээс гадна тухайн сургуулийн тэтгэлэг гэж байдаг. Тухайн оюутан IELTS эсвэл TOEFL –ийн онооноос хамаарна.

 

-Бусад Англи хэлний сургалтуудаас “Absolute” юугаараа илүү онцлог вэ? Яагаад хүүхдүүд танайхыг сонирхож ирдэг юм бол?

 

-Байгуулагдсанаасаа хойш манайх зөвхөн боловсролын чанарт анхаарч ирсэн. Сурахаар ирсэн хүүхдүүдтэй бид TOEFL-ийн 80-аас дээш оноо, IELTS-ийн 6,5-аас дээш оноо авна гэж гэрээ байгуулдаг ч гэсэн тухайн хүүхэд 90 оноо авсан байсан ч, 6.5 оноо авсан байсан ч давхар цаашаа арай илүү босго өндөртэй тэтгэлэгт хамрагдъя гэх юм бол тэр болгонд нь төлбөр авдаггүй. Мөн анхан, дунд шатны хүүхдүүд төлбөргүй өдөр бүр давтлагад суудаг. Заримдаа 2-4 цагийн хугацаатай. Бямба гаригт ярианы клубт хамрагдах боломжтой. Англи хэлийг үзэж буй хүмүүс  сургалтаасаа гарахад орчин нь Англи хэлтэй биш учраас хоногт 4-6 цагийг зарцуулж байж илүү сайн сурах бололцоотой.

 

-Танай сургалтын төвд сурах хүсэлтэй иргэд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

 

-Сургалтад ирсэн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн дунд, гүнзгий үзсэн байдаг. Гэвч үнэндээ бол бараг анхан шатнаас нь эхлэх тохиолдлууд гардаг. Тэгэхээр эхлээд түвшнээ сайн тодорхойлуулах хэрэгтэй. Түүний дараагаар зорилгоо тодорхойлуулах гэдэг зүйл гарч ирнэ. Ажлын шаардлагаар англи хэл сурах хүсэлтэй иргэд ихэвчлэн анхан шатнаас гүнзгий хүртэлх ангийг сонгодог. Харин гадаадад сурахыг хүссэн хүмүүс дунд шатнаас шалгалтад бэлдэх зорилгоор цаашдаа шат нь гүнзгийрдэг. Манайх 22 багш, ажилчидтайгаас найм нь Англи, Америк болон TEFL зэрэгтэй гадаад багш нар байгаа. Жишээлбэл: IELTS-ийн 50%-ийг Англи багш нар, TOEFL-ийн 60%-ийг Америк багш нар орж байна. Үлдсэнийг TOEFL-ийн шалгалтын 105-аас дээш, IELTS-ийн шалгалтын 7,5-аас дээш оноотой Америкт төгссөн Монгол багш нар заадаг.

 

-Сургалтын хөтөлбөрийн хувьд хугацаа нь хэр их байдаг вэ? Мөн суралцагчдынхаа хичээллэх зав чөлөөг, зорилгыг хардаг байх.

 

-TOEFL, IELTS-ийн шалгалтад манайх бэлтгэдэг гэдэг утгаараа энэ шалгалтууд бэлдэх зорилготой суралцагч их байна. Сүүлийн үед эдийн засаг хямрангуут байгууллагууд ажилчдаа цомхотгох болсон. Ингэхдээ тухайн ажилчныхаа мэргэжлийн ур чадварыг нь харахаас гадна хэлний мэдлэгийг нь хардаг болжээ. Иймээс байгууллагууд ажилчдаа TOEFL өгүүлье гэдэг санал оруулах болсон байна. Энэ хүрээнд ажлын байран дээрээ илүү шат ахих эсвэл ажлын байран дээрээ үлдэх зорилгоор хэл сурах тохиолдол нэмэгдсэн. Хичээллэх цагийн хувьд өглөө, өдөр орой, амралтын өдрөөр гэх мэт байгаа.

 

-Долоо хоногт хичээллэх хугацаа хэр их байдаг юм бол?

 

-Тухайн сургалтаасаа шалтгаалаад янз бүр байна. Хамгийн багадаа 7 хоногийн 4 өдөр.

 

-“Аbsolute”-д суралцагчдын насны түвшин хэр зөрүүтэй байна? Тэдгээрээс TOEFL-д бэлдээд өндөр оноо авсан хэчнээн хүн байна.

 

-Насны хязгаар байхгүй. Жишээлбэл, зун зургаан настнуудын анги гэж байна. Мөн оюутан сурагчид оюутнууд, ажиллагсад, нас харгалзахгүйгээр 45-аас дээш насныхан гээд нь янз бүр байдаг. Тэдний ихэнх нь анхан, дунд, гүнзгийгээс гадна IELTS, ТOEFL-д бэлдэж байгаа. TOEFL-ийн шалгалтад өндөр оноо авсан суралцагчдынхаа тоог  яг  нарийн гаргаж байгаагүй юм байна. Төв дээр сертификат зургаа барьсан хэдэн зуун хүүхэд байна. Сургалтад шинээр хамрагдсан, сургалт сонирхож яваа хүмүүст урам өгөх үүднээс англи хэлийг сайн эзэшсэн, сургалтаа онц төгсөж, хүссэн оноогоо авч, шалгалтуудын онооны рекордыг эвдсэн төгсөгчдийнхөө гаргасан амжилтуудыг зургийн хамтаар үзэсгэлэн болгож тавьдаг.

 

-Төгсөх ангийн сурагчид хэр TOEFL, IELTS-ийн шалгалтад бэлддэг вэ?

 

-Сүүлийн үед 12  дугаар ангийн сурагчид TOEFL юм уу IELTS-ийн шалгалтад бэлдье гэж их ирэх болсон. Түүнийг бид нар бэлдэж чадна. Нэг жил гэдэг TOEFL, IELTS-ийн шалгалтад бэлдэхэд хангалттай хугацаа. Хүүхдүүд хүссэн оноогоо авсан ч гэсэн дараагийн сургалт, тэтгэлэгтээ хамрагдахад зарим тохиолдолд оройтсон байдаг. Яагаад гэвэл Америкт баклаврын зэргээр суралцах гэж байгаа бол давхар SAT-ийн оноог шаардаж болно. Тэгэхээр хүүхэд эрт эхлэх тусам цаг хугацаанд баригдахгүй гэсэн үг.

 

-Суралцах явцад суралцагчид ямар алдаа гаргадаг мөн цаашид юуг анхаарах шаардлагатай вэ?

 

-Хамгийн том дутагдал бол хүмүүс ер нь өөрийгөө их голдог. Жишээлбэл:  өөрсдийгөө хэлний авьяасгүй гэдэг. Хоёрдугаарт. Тэтгэлгээр явж буй хүүхдүүдийг хүмүүс хараад угаасаа цаанаасаа суурь сайтай байсан байх аа гэж боддог. Үүнийг юу гэж хэлэх гээд байна гэхээрээ хүн угаасаа хэлний суурь сайтай төрнө гэж байдаггүй шүү дээ. Хүн өөрийгөө л тийм болгож байгаа. Үүнд хувь хүний хүчин чармайлт хэрэгтэй.

 

Х.ЦЭЦЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)