Дэлхий дотор багтсан “дэлхий”-н нүднээс нулимс бүү дусаг
- 2016-03-08
- Нийтлэл
- 0
Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 8-нд буюу Мартын баярын орой ажлаа тараад алхаж явахад цэцэг барьсан согтуу эмэгтэйчүүдтэй замдаа олон таарч билээ. Тэд дуулах нь дуулж, уйлах нь уйлж, зарим нь орилж хашгарч, бүр гоё ганган хувцас руугаа бөөлжиж байгаатай хүртэл таарсан. Бараг л жилийн бусад өдөр гал тогоо сахиж, гэр орон, эр нөхөр, үр хүүхэд гэсээр өөрийгөө гээж явдаг тэд ганц энэ өдөр эрх дураараа наргиж цэнгэж зав чөлөөтэй болдог гэлтэй. Гэлээ ч энэ өдөр муу хүнтэй ханилснаасаа болж зовж, баярлах нь битгий хэл доголон нулимсаа дуслуулан яваа бүсгүй цөөнгүй байдаг юм билээ. Уг нь энэ өдрийг дэлхийн олон оронд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг. Харин ихэнх монгол эмэгтэй эрхээ хамгаалах бус эрхэлж нялхрах утгаар нь тэмдэглээд байдаг гэвэл тийм ч буруудахгүй болов уу. Тиймээс бүсгүйчүүд жилд ганц тохиох энэ өдөр улаан дарс, баглаа цэцэг, амттанд хууртахгүйгээр бүх л эмэгтэй хүний аз жаргалын төлөө, тэднийг эрхээ бүрэн дүүрэн эдлэхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлээсэй. Дэлхий дотор багтсан “дэлхий” эмэгтэй хүний нүднээс нулимс бүү дусаасай. Өөрөөсөө амь ургуулдаг өнгө төгөлдөр энэ цэцгийг сүүдэрт битгий байлгаасай, навч дэлбээг нь бүү гэмтээгээсэй. Үргэлж нар шиг дулаан үгс сонсож, ус шиг хайр халамж дунд амьдарч улам илүү үзэсгэлэнтэй дэлбээлээсэй.
Үнэн.мн сайтын зүгээс дэлхий дотроос гэрэлтэх тоо томшгүй нар болсон бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж байна.
Уншигч та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхийн үйл явцаас хүүрнэе.
1908 онд Эмэгтэйчүүдийг дарамтлах, ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж, шүүмжлэлт маргаан ихээр өрнөх болсон нь улам эрчимжиж, идэвхтэйгээр компанит ажил зохион байгуулах болжээ. 1908 оны гуравдугаар сарын 8-нд 15.000 эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, цалин нэмэх, санал өгөх эрхтэй болохоор Нью Йорк хотод жагссан байна.
1909 онд Америкийн Социалист Намаас гаргасан тунхаглалд зааснаар Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг хоёрдугаар сарын 28-нд тэмдэглэх болж улмаар 1913 он хүртэл эмэгтэйчүүд Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг хоёрдугаар сарын сүүлийн Ням гаригт тэмдэглэдэг байсан.
1910, 1910 онд Копенгаген хотноо ажил хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын хоёрдугаар зөвлөгөөн болж уг арга хэмжээнд Герман Улсын Социаль Демократ Намын эмэгтэйчүүдийн хэсгийн дарга Клара Зеткин (Clara Zetkin) Олон улсын жил бүр улс болгон нэгэн өдөр тэмдэглэж байх санаачлага гаргасан аж. Мөн тус зөвлөгөөнд 17 улсын холбоо, социалист нам, ажил хийгч эмэгтэйчүүдийн клубын 100 гаруй эмэгтэй оролцсоны дотор Финланд Улсын парламентын анхны гурван эмэгтэй гишүүн оролцсон бөгөөд Зеткиний санааг санал нэгтэйгээр дэмжиж, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэхээр болсон байна.
1911 онд Копенгагены шийдвэрийг хүлээн зөвшөөрч, анх удаа Австри, Дани, Герман, Швейцарь Улс гуравдугаар сарын 19-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр сая гаран хүмүүс оролцсон жагсаал болж эмэгтэйчүүд ажил, хөдөлмөр эрхлэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал өгөх эрхтэй болох, төрийн байгууллагад ажиллахаар бэлтгэгдэх, ялгаварлан гадуурхалтыг арилгахын эсрэг эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлжээ. Гэсэн хэдий ч долоо хоногийн дараа гуравдугаар сарын 25-ны өдөр Нью Йорк хотын нэгэн үйлдвэрт гал гарч, 146 хүн нас барсны ихэнх нь Итали, Еврей цагаачид байжээ. Энэхүү эмгэнэлт үйл явдал нь АНУ-д ажлын байрны нөхцөл байдал болон хөдөлмөрийн хууль тогтоомжийг өөрчлөхөд нөлөөлсөн ажээ.
1913-1914 онд Дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Орос Улсын эмэгтэйчүүд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 1913 оны хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэжээ. 1913 оноос хойш тус өдрийг гуравдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх болсноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг дэлхий даяар энэ өдөр тэмдэглэх болсон байна. 1914 оноос Европын эмэгтэйчүүд дайны эсэргүүцэх, эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийг илэрхийлэхээр компанит ажил зохион байгуулсан байна.
1917 он Дайнд хоёр сая гаруй цэрэг эрс амь үрэгдсэнийг мэдсэн Орос эмэгтэйчүүд хоёрдугаар сарын сүүлийн Ням гаригт “талх ба энх тайван” нэртэй ажил хаялт зарлажээ. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн ажил хаялтын дараа Улс төрийн эрх мэдэлтнүүдтэй зөрчилдсөн Хаан (Царь) өөрийн хаан ширээнээс татгалзаж, түр Засгийн газар эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрчээ. Эмэгтэйчүүдийн ажил хаялт тухайн үед Орос Улсад ашиглаж байсан Юлианы литээр хоёрдугаар сарын 23-ны өдөр болсон бол Грегорийн литээр гуравдугаар сарын 8-ны өдөр байжээ.
1918-1999 он Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг социализмын нөлөөн доорх улс орон бүр тэмдэглэх болсноор жилээс жилд улам өргөн хүрээг хамрах болсон байна. Олон жилийн турш НҮБ жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр хурал, зөвлөгөөн зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эрх, тэдний нийгэм, улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох оролцооны талаарх олон улсын хандлагыг чиглүүлдэг байна. НҮБ 1975 оныг “Олон улсын эмэгтэйчүүдийн жил”-ээр зарлаж байжээ. Дэлхийн эргэн тойрон дахь эмэгтэйчүүдийн байгууллага, засгийн газар гуравдугаар сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны үр дүн, илрэл болсон эмэгтэйчүүдийн ололт амжилтын өргөн хүрээнд тэмдэглэх болжээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Армен, Азербайжан, Беларус, Болгар, Вьетнам, Казахстан, Киргизстан, Македон, Молдав, Монгол, Орос, Тажикстан, Украйн, Узбекистан, Хятад зэрэг улс орон албан ёсоор тэмдэглэж байна. Шинэ мянганд тэгш эрх, эрх чөлөө болон түүний нийгмийн чиг хандлага онцгой өөрчлөгдсөн гэж хэлж болно. Залуу үе “эмэгтэйчүүдийн "эрхийн төлөө өрнөсөн тэмцэл ялалтаар дууссан” гэж бодоход урт хугацааны турш цогцоор хөгжсөн эцгийн эрхт ёсны эсрэг 1970-аад оноос эхэлж тэмцсэн феминистүүдийн нөлөө их билээ.
Б.Төгөлдөр

Сэтгэгдэл (0)