С.Даваасүрэн: Бид хүссэн ч, эс хүссэн ч бодит үнэнтэй нүүр тулах л болно

        МАН-ын даргын эдийн засгийн зөвлөх, МУИС-ийн дэд профессор, доктор С.Даваасүрэнтэй улс орны макро эдийн засгийн төлөв байдал, өнөөдрийн бодит хүндрэлийн талаар ярилцлаа.

 

-Жирийн иргэдийн амьдрал өдөр хоногоор муудаж байгааг бид бүгдээрээ л харж, мэдэж байна. Гэтэл манай төр, засгийн эрх мэдэлтэн, албан тушаалтнууд харин ч сайжирчихсан юм шиг, болохоо байчихсан юм алга гэж яриад байх юм. Тэд чухам ямар тоо баримт, үзүүлэлт харж ингэж хэлдгийг ойлгохоо болиод байна л даа?

 

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэхийн хэрээр эрх баригчид тоон мэдээллээ нуух, худлаа мэдээлэх нь маш их болж байна. Судалгаагаар гарсан бодит тоог засах, өөрчлөх явдал бол бүр цадигаа алдсан гэж болно. Албан ёсны тоон мэдээллийг барьж ярих ямар ч боломжгүй болсон шүү дээ. Тиймээс  жишээ баримт түшиж ярья.  Аливаа улс орны макро эдийн засгийн нөхцөл байдлыг харуулдаг хэд хэдэн хэмжүүр бий. Юуны өмнө, улс орон хэдий хэмжээний баялаг бүтээж байна, тэр баялгийн хэмжээ нэмэгдэж байна уу, үгүй юу гэдэг хэмжүүр. Манай эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд тасралтгүй буур­саар байгаа. Олон ул­сын банк, санхүүгийн бай­гууллагуудын таамгаар 2016 онд ердөө 0.5 хувь байх төлөвтэй байна.

 

Энэ нь бидний хийж байгаа бялуу томрохгүй, орц, найрлагад нь ч асуудал үүсч, амт шимт нь тааруу болоод байгаа хэрэг. Дараагийн чухал хэмжүүр нь иргэд ажилтай, орлоготой байна уу, тэдний амьжиргаа ямар байна вэ гэдэг асуудал. Ажил хайж байгаа, бизнес нь дампуурсан, зээлээ төлж чадахаа больсон иргэдийн тоо маш их болж байна шүү дээ.

 

- “Ажил хийж байгаа тулдаа л мөнгөгүй байна, ажилгүй бол бөөн өр байх нь” гэсэн үг ч гараад байна. Иргэдийн амьдрал ийм хэмжээнд хүрчихээд байна шүү дээ.  Өрх болгон санхүүгийн асуудалд үнэндээ орчихоод байна.

 

-2000 оны эхэнд хувийн машинаараа халтуур хийж амьдардаг иргэд олон байсан, тийм үү. Зам дээр гараад хэдхэн хором зогсоход л бид машин барьж чаддаг байлаа. Би хэсэг хугацаанд гадаадад амьдарч байгаад 2010 онд буцаж ирсэн юм. Тэгээд унаа барих гэтэл таксинд явдаг жолооч үгүй болчихсон байсан.

 

Тэр бүү хэл, дуудлагын такси дуудах гэхээр, уучлаарай, такси алга байна гэж хариулах ч юм уу, ирэхгүй байх явдал олонтаа тохиолддог болсон байлаа. Харин өнөөдөр гадаа гудамжинд эгнээд зогссон машин, хаа хүрэхийг асуусан жолооч нараар дүүрээд байна. Эргээд эдийн засаг маань арай 10 жилийн өмнөх төвшиндөө оччихоогүй байгаа даа гэсэн айдас нөмөрч байна шүү дээ. Дотоодын төдийгүй гаднын компаниуд ч үйл ажиллагаагаа зогсоож, Монголыг орхих байдал эрс нэмэгдлээ.  Манай МУИС-ийн хичээлийн V байрны орчимд нийтийн хоолны үйлчилгээ явуулдаг байсан гурав, дөрвөн газар үүд хаалгаа барь­сан нь наад захын жишээ.

 

Ийм байхад эдийн засаг зохистой хэмжээндээ байна, санаа зовох зүйлгүй гэж яриад байгаа хүмүүст итгэсээр л байх уу. Гурав дахь хэмжүүр бол, эдийн засагт үнэ, ханш ямар байна вэ гэдэг асуудал. Өнөөдөр инфляцийн түвшин бага байна, үүн шиг таатай зүйл хэзээ ч байгаагүй л гэцгээж байна.Гэтэл иргэдийн худалдан авах чадвар унаад, инфляцийн биш дефляцийн шинж ажиглагдах болсныг тэд огтхон ч дурдахгүй орхиод байгаа юм. Эдийн засаг утгаараа инфляци, дефляци аль нь  ч зохистой хэмжээнээсээ хэтрэхээр эрсдэл нэмэгдэж, аюул дагуулдаг. Иргэд ажилгүй, орлогогүй байна. Тиймээс тэд хэрэглээгээ танаж эхэлсэн.

 

-Эрх баригчдын ойлгуулаад байгаагаар бид хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засагт шилжээд байгаа юм биш үү?

 

-“Иргэд хэрэглээгээ танаж байгаа явдал нь манай улс хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засаг руу шилжиж байгаа хэрэг” гэж улстөрчид яриад байна. Тийм л юм бол банкны хадгаламж өссөн нь хаана байна? Энэ бол дэндүү том ташаарал. Хүмүүс хэрэглэчихээд, илүү гарснаа хуримтлуулдаг. Гэтэл хэрэглээгээ танаад, өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж байгаа ард иргэддээ манай эдийн засаг хуримтлалын эдийн засагт шилжиж байна гэж хэлэх нь үнэхээр зохимжгүй, бас харамсмаар хэрэг. Дээр нь ханш байна. Эдийн засагт доллар багассан, хомсодсоноос болж ханш өсч байгаагаас биш иргэд хуримтлуулахаа ухамсарлахгүй, тансагласнаас болж өссөн юм биш. Тэгэхээр эдийн засагт гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, зохицуулах явдал бол дараагийн Засгийн газрын хийх нэн тэргүүний ажил.

 

Гадагшаа гаргаж, гаднаас оруулж ирж байгаа бараа, үйлчилгээ, гүйлгээ, хөрөнгө оруулалт, түүний орлого гээд бүгд үүнд багтана. Манай зарим албан тушаалтан “Бид мах, гурилаас өөр олон зүйл хүнсэндээ хэрэглээд байна” гэж ярьж байх юм. Дотооддоо үйлдвэрлэсэн оймсыг давхарлаж өмсөхгүй, харь нутгийн эд зүйл, хувцас хунар,амттан шимттэнээр чамирхаад байгаа юм байх аа, бид(инээв).

 

-Уг нь бид  дээрээ жолоодогчтой, тэр нь ард түмнийг зөв зүгт залж, иргэдийнхээ амьдрал ахуй, улс орноо өөд нь татах бодлоготой, түүний төлөө зүтгэдэг бүхэл бүтэн аппарат ажиллаж байгаа. Гэтэл яагаад иргэдийн буруу болчихдог байна аа?

 

-Манай төр, засагт байгаа хүмүүсийнхээр бол тэгж л таараад байгаа юм. Миний яриад байгаа энэ дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөрийн зах зээл, инфляци, валютын ханш болон төлбөрийн баланс гэх мэт макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээс харахад, манай эдийн засаг уруудсан, хумигдсан, муудсанаас өөрөөр сайн сайхан болсон, болж бүтээд байгаа юм харагдахгүй байна. Дээр нь улсын өрийн асуудал ямар хүнд байгааг та бид мэдэж байгаа.

 

-Төрийн байгууллагууд тоон мэдээллээ засдаг, өөрчилдөг гэлээ.Судлаачид ямар өгөгдөл дээр ажиллаад байна вэ?

 

-Эдийн засгийн чиглэлээр түүвэр судалгаа хийдэг суд­лаачдын баг энд тэнд цөөнгүй бий. Манай МУИС дээр ч байгаа. Манай бие даасан судлаачдын багийн судалгаагаар, Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс сүүлийн найман улирлын турш буурч байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн энэ хүндрэлтэй байдал ард иргэдийн амьжиргаанд төдийгүй тэдний ирээдүйдээ итгэх итгэл, хүлээлтэд сөргөөр нөлөөлж байна. Байдал сайжирна, улс орон сэргэнэ гэсэн итгэл алга болж байна гэсэн үг. Энэ бол маш муу үр дагавартай зүйл. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн итгэл найдвар, эерэг хүлээлтгүйгээр эдийн засгийг удирдахад нэн хүнд, үндсэндээ боломжгүй байдаг гэдгийг хэлмээр байна.

 

-Дээрээс нь улам муу, буруу бодлого явуулаад байх шиг санагдах юм. Одоо бүр тэтгэврээр ипотекийн зээл олгох гэж байна?

 

-Хэдхэн хоногийн өмнө банкуудын холбоо мэдээлж байна лээ, арилжааны банкны чанаргүй зээлийн хэмжээ 1.0 их наяд орчим төгрөгт хүрсэн гэж. Банкуудын санхүүгийн гол эх үүсвэр болох хадгаламж 7.0 их наяд байхад, гаргасан зээл нь 12.0 их наяд төгрөгт хүрсэн байна.Гэтэл Барилга, хот байгуулалтын яамныхан, зах зээл дээр ашиглалтад орсон 17 мянган байр эзнээ хүлээж байна. Ипотекийн зээлийн хүүг наймаас таван хувь болгож бууруулах ажлыг яаралтай хийх хэрэгтэй гээд компанийн борлуулалтын менежерүүд шиг яриад байх юм. Барилгын салбар чинь хувийн бизнес.

 

Тэгвэл зах зээлийнхээ хуулиар илүүдэлтэй байгаа байрныхаа үнийг бууруулах замаар зарж борлуулж болдоггүй юм уу? “Нарантуул” зах дээр наймаа хийдэг хүн бараа нь борлохгүй удаад байвал үнээ бууруулаад зарахаа хэнээс ч асуухгүй, бас хэнээр ч заалгахгүй шийднэ дээ.

 

 

-Барилгын салбарт их л том эрх ашиг агуулагдаад байх шиг байгаа юм даа?

 

-Ингэхэд манай эдийн засагт бодлого гэж байна уу гэсэн бүр язгуурын асуулт үүнээс ургаж байгаа юм. Баян чинээлэг, хөрөнгөтэй иргэдээ дэмжсэн барууны, эсвэл ядуу болон бага орлоготой иргэддээ чиглэсэн нийгмийн баримжаатай зүүний бодлого гэж байдаг даа. Манайд болохоор барилга, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө болон банк, төрийн эрх мэдэлтэн гэсэн бие биедээ санаа тавьсан гурамсан холбоо бүхий, дэлхийн өөр хаана ч байхгүй онцгой бодлого хэрэгжээд байна уу гэмээр санагдах юм. Энэ гурамсан холбоо бүхий түншлэл нь нэг нэгнээ чангалж, бас чөлөөлөөд тавьчихаж ч чадахгүй чагталчихаад байх шиг байна.

 

-Санал нэг байна. Энэ гурамсан бүлэглэлийн хэн хэнийх нь эрх ашиг гүнзгий сүлэлдчихсэний хэрээр олон түмнээс нууж хаах юм бас их байна л даа.

 

-Хар өнгөөр будагдчихаад байгаа бодит байдлыг цагаан, эсвэл саарал гэж хэчнээн итгүүлэхийг хичээсэн ч хар өнгө тодрох л болно, харагдаад ч байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайн сайхан, болж байна, бүтэж байна гэж засварласан тоон мэдээ гаргах, худлаа ярих нь эцэстээ гашуун үнэнтэй тулгарна.

 

Ингэж харлаж, халтайчихсан дүр төрхөө гэгээн, цагаан гэж итгүүлэх өдөр хоногийг аргацаасан явуургүй арга харамсалтай нь, асар өндөр өртөгтэйг бид хаа хаанаа ойлгомоор байна. Төр, засгийн эрх баригчид хүссэн ч, эс хүссэн ч гарцаагүй үнэнд гүйцэгдэж, бодит байдалтай нүүр тулах л болно.  Улс орны макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь Засгийн газрын нэн тэргүүнд хийх ёстой ажил, гүйцэтгэх үүрэг шүү дээ. Хугацаа алдалгүй үнэн мөнөө тайлагнаж таниулаад, эртхэн зөв алхмуудыг хийж эхэлбэл учрах аюул, эрсдлийг тэр хэмжээгээр багасгаж, бууруулах боломж бий.

 

-Сонгууль хаяанд ирчихсэн болохоор байдал ийм муу болчихсоныг мэдсэн ч хэлэхгүй байх л даа?

 

-Ирэх сонгуулиар ямар ч нам засгийн эрхэнд гарч ирлээ гэсэн улс орны эдийн засгийн асар том бөгөөд хүнд хэцүү сорилт, бэрхшээлтэй тулгарахаар байна. Зах зээлийн системд шилжиж эхэлсэн 1990-ээд онд Ерөнхий сайд П.Жасрай агсан эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг ард түмэндээ хэлэхдээ, “хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэж байсан. Манай өнөөгийн эдийн засаг нэгэнт буцаж эргэх боломжгүй, харанхуй хонгил руу яваад орчихлоо. Тэр хонгил хэр урт байх, бас бид хэр удаан энэ хонгилоор явахаа мэдэхгүй байна. Магадгүй ирэх тав, бүр арван жилдээ тэр хонгилдоо л байсаар байхыг үгүйсгэх аргагүй, тийм хүнд бэрх нөхцөл байдалд уначихлаа.

 

Х.Бүрэнтогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • mongol (212.186.25.175)

    2016-03-16

    muunii gaj ursgaliig demjigch bnadaa

  • zochin (103.57.94.47)

    2016-03-15

    DVAASUREN DOKTOR BODIT UNENIIG TODORHOI, MASH OILGOMJTOI HELJEE. HARIN UIH-IIN ERHEM DARGA EDIIN ZASAG HYAMRAAGUI, ARD TUMNII AMIDRAL SAIHAN BAINA GENEE. YOSTOI L ALBAN TASALGAANII TSONKHOOR AMIDRAL SAIHAN HARAGDANA GEGCH ENE BAIH DAA HUURHII.