ОХУ Сириэс цэргээ гаргаж эхэллээ
- 2016-03-16
- Дэлхий
- 0

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сири дэх зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ эх оронд буцаах ажлыг эхлүүлэх тушаал өгчээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Гадаад хэргийн сайд С.Лавров нартай даваа гаригт уулзах үеэрээ энэ тушаалаа танилцуулсан байна. В.Путин Оросын Батлан хамгаалах яам Сирид хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг үндсэндээ биелүүлж, олон улсын алан хядагчдын эсрэг тэмцлийн хүрээнд нөх цөл байдлыг өөрчилж чадсан гэдгийг өгүүлжээ. Гэхдээ Оросын тал Сири дэх энхийн үйл явц дахь оролцоогоо идэвхжүүлэх аж. “Өнөөдрийн шийдвэр нь сөргөлдөгчдийн хувьд дохио болж, уг үйл явцад оролцогч талуудын хоорондох итгэлцлийг нэмэгдүүлнэ гэж найдъя” хэмээн мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Хмеймис дэх Оросын нисэх хүчний бааз, Тартусын боомт дахь тэнгисийн цэргийн материал хангамжийн цэг хуучин хэвээр ажиллаж, гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хянахаар болжээ. Батлан хамгаалахын сайд С.Шойгу Оросын цэргийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, өнгөрсөн хугацаанд 2000 гаруй алан хядагч, тэдний толгойлогч 17 хүнийг устгасныг дурдсан байна. Оросын сайд алан хядагчид Сирийн нутгаас олборлосон газрын тосыг Туркийн нутаг руу тээвэрлэж байсныг таслан зогсоож, түүхий эд олборлох, боловсруулах зориулалттай 209 объект, 2000 гаруй тээврийн хэрэгслийг устгаснаа тайлагнасан аж. Мөн алан хядагчдыг зэвсэг хэрэгслээр хангаж байсан сувгуудыг нэг хэсгийг бүрмөсөн хааж, заримыг нь тасалдуулжээ. С.Шойгу Оросын цэргийнхний дэмжлэгтэйгээр Сирийн зэвсэгт хүчин 400 гаруй суурин, 10 мянга гаруй хавтгай дөрвөлжин км газар нутгийг чөлөөлж, амжилт олсныг өгүүлсэн байна. Ерөнхийлөгч В.Путин С.Лавровт хандан ОХУ-ын зүгээс Сирийн энхийн үйл явцад оролцох хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг үүрэгджээ. Харин С.Лавров Швейцарийн Женев хотноо Сирийн сөргөлдөгч талуудын хооронд хэлэлцээр сэргэснийг дурдаж, уг явц эхэлж буйг онцолсон аж. ОХУ-ын Ерөнхийлөгч сайд нартайгаа уулзахаасаа өмнө Сирийн удирдагчтай утсаар ярилцаж, Ерөнхийлөгч Б.Асад В.Путинд алан хядагчидтай тэмцэх, ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх ажилд өргөн хүрээний тусламж үзүүлсэнд талархлаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч Сирийн нутаг дахь “Исламын улс” бүлэглэл хүчирхэг хэвээр, тэдний үүр уурхай болсон Алеппо хотын зүг давшихад Туркийн тал саад хийсэн хэвээр байна. Ийм нөхцөлд Оросын талаас цэргээ татаж эхэлснийг гэнэтийн шийдвэр гэж үзэж болохгүй юм. Учир нь Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын агаарын нисэх хүчин Сири дэх байлдааны ажиллагаанд удаан оролцохгүй ба ямар нөхцөл бүрдвэл энэ ажиллагааг дуус гахаа өнгөрсөн оны арван хоёрдугаар сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн билээ. “Байр суурь нь (аядуу үзэлтэй сөрөг хүчин, Дамаск дахь эрх баригчдын) ойртох болон улс төрийн яриа хэлэлцээрийн үйл явц эхэлж, Сирийн арми, удирдлага нь галаа зогсоож, тохиролцох цаг нь ирсэн гэж дүгнэх үед бид сиричүүдээс илүү сирийн хүн болох гэж оролдохоо зогсооно” хэмээн Оросын Ерөнхийлөгч ярьсан аж. Харин одоо эдгээр нөхцөл бүрдэж, Женев хотноо Сирийн сөргөлдөгч талуудын хоорондох хэлэлцээр сэргэсэн байна. Уг хэлэлцээрт оролцогч талууд маш жижиг гэмээр асуудлын төлөө маргаж, наймаалцаж эхэлсэн нь тэд хэлэлцээр хийж, зөвшилцөлд хүрэх сонирхолтой байгааг илтгэж буй хэрэг юм. Тийм биш бол ийм их хүчин чармайлт гарган хэлэлцээрт оролцох шаардлагагүй биз. Энэ удаад ОХУ төдийгүй АНУ-ын тал хамтын хүчин чармайлт гаргаж, өөрсдийн дэмждэг улс төрийн хүчнүүдэд шахалт үзүүлснээр хэлэл-цээр хийх боломжтой болжээ. Энэ хэлэлцээрийн шатанд Ерөнхийлөгч Б.Асадын нэн даруй зайлуулах тухай асуудал хөндөхгүй болсон нь Оросын талын амжилт билээ. Тухайлбал, 2011 онд АНУ, Францын Элчин сайд нар Хомс хотноо очиж, Б.Асадыг огцрохыг шаардсан олон нийтийн жагсаалд оролцогсдыг дэмжиж, НҮБ-ын албан тушаалтнууд түүнтэй хэлэлцээр огт хийх хэрэггүй хэмээн зөвлөж, Францын Гадаад хэргийн сайд Б.Асадыг энэ дэлхийд орших эрхгүй хүн хэмээн тунхаглаж байсантай харьцуулахад нөхцөл байдалд эргэлт гарчээ. Гэсэн ч Оросын тал Б.Асадын зүгээс “Эцсийн ялалтад хүртэл байлдана” хэмээн мэдэгдсэнийг таа шааж хүлээн аваагүй нь илэрхий юм. Мөн АНУ, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь суннитийн хаант улсуудыг буулт хийлгэхийн тулд цэргийн ажиллагаагаа хумих нь гарцаагүй юм.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)