Хятад таван жилийн төлөвлөгөөгөө батлав
- 2016-03-17
- Дэлхий
- 0

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүд тус улсыг 2016-2020 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталжээ. Хятадын 2900 депутат нийт 12 өдөр хуралдсан ба тэдний 2778 нь төлөвлөгөөг батлахыг дэмжсэн санал өгсөн байна. Шинэ таван жилийн төлөвлөгөөнд зааснаар Хятадын эдийн засаг жил бүр 6.5 хувь болон түүнээс дээш үзүүлэлтээр өсөх аж. Харин барууны шинжээчид үүнийг дэндүү шахуу ба тус улсад хэрэгжүүлж буй зах зээлийн шинэчлэл хангалтгүй хэмээн дүгнэсэн байна. Таван жилийн төлөвлөгөөнд 2020 онд гэхэд эдийн засаг дахь орлого, хөдөлмөрийн бүтээмжийн хэмжээ 2010 оны төвшнөөс хоёр дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ. Мөн судалгаа шинжилгээ, инноваци эдийн засгийн хөдөлгөгч хүч болгож, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхээр заасан байна. Хятадын Засгийн газар цаашид ч гэсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулдгаа үргэлжлүүлж, хүрээлэн буй орчныг хамгаалахад илүү анхаарахаар төлөвлөжээ. Хятадын хууль тогтоогчид тус улсын батлан хамгаалах зардлыг 7.6 хувиар өсгөх шийдвэрийг баталсан аж. Энэ нь сүүлийн жилүүдэд хамгийн бага хэмжээгээр өсгөсөн тохиолдол ба эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бололтой. Мөн энэ оны төсвийг ДНБ-ий гурван хувьтай тэнцэхүйц буюу өмнө нь байгаагүй их хэмжээний алдагдалтайгаар баталжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)