Ч.Сарантуяа:Нутгийн захим хэсгээр цасаар шуурна

 

        Ус цаг уур, орчны судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Ч.Сарантуяагаас дараах зүйлийг тодрууллаа.

 

-Нийт нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

 

-Ерөнхий төлөвөөр энэ сарын 21, 22-нд баруун, төв болон говийн нутгаар, 23, 24-нд төв болон говийн нутгийн зүүн хэсгээр мөн зүүн зүгийн нутгийн зарим газарт, сарын сүүлчээр нутгийн хойд хэсгээр цасаар шуурна. Температурт он цын өөрчлөлт орохгүй. 22-24-ны хооронд баруун болон хангайн уулархаг нутгаар цас орох үед бага зэрэг хүйтэрнэ.

 

-Улаанбаатарт хэр байх бол?

 

-Яармаг-Сонгинын орчмоор 14-16, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн хонож, өдөртөө 4-6 хэм дулаан байна. Цаг агаар дулаарлаа гээд юу юугүй шар усны үерт автах, хүйтэрлээ гэхэд зам давааг хаах хүртэл цасаар шуурахгүй.

 

-Цаг агаар хэзээнээс тогтвортой дулаарах вэ?

 

-Олон жилийн дунджаар цаг агаар ихэнх нутагт дөрөвдүгээр сард нэмэх хэм рүү тогтвортойгоор ордог. Говийн нутагт гуравдугаар сарын эхээр, бусад газарт 25, 26-ны үед нэмэх хэмтэй болдог. Гэхдээ мэдээж шөнөдөө хасах хэмтэй байна. Уулархаг нутаг болох Хөвсгөл, Увс, Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай аймагт дөрөвдүгээр сарын сүүлчээр хэвийн, дулаан болж эхэлнэ.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)