Хятад эдийн засгийн бүтцээ өөрчлөх зорилт дэвшүүлжээ
- 2016-03-19
- Дэлхий
- 0

Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүд тус улсыг 2016-2020 онд хөгжүүлэхXIII таван жилийн төлөвлөгөөг баталлаа. Энэ хугацаанд төр засаг эдийн засгийн салбар дахь оролцоогоо хумьсны үр дүнд1.8-6 сая хүн ажилгүй болох тул төрийн уг хөтөлбөрийн хүрээнд энэхүү сөрөг дагаврыг зөөлрүүлэх зорилт тавьсан байна. Улмаар “Ядуурлаас гарах” зорилгоор зарцуулах төсвийн зардлыг 43.3 хувиар нэмэгдүүлэхээр заасан аж. Хятадын удирдагч Си Зиньпин 2021 он гэхэд тус орны иргэдийн амьжиргааг дундаж төвшинд хүргэх зорилт дэвшүүлсэн юм. Уг зорилтыг хэрэгжүүлж, эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх үйл хэрэгт ирэх таван жилийн төлөвлөгөө чухал үүрэгтэй аж. Хятадын эрх баригчид эдийн засгийнхаа гол хөдөлгөгч гол хүч зүйлийг экспортын үйлдвэрлэл байсныг дотоодын зах зээл болгон өөрчлөх зорилт дэвшүүлжээ. Төрийн хөрөнгө оруулалт болон хөгжингүй орнуудад бүтээгдэхүүнээ экспортлоход түшиглэсэн эдийн засийн загвар амьдрах чадваргүй гэдгийг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кецян парламентын чуулганыг хааж үг хэлэхдээ мэдэгдсэн аж. Энэ нь эдийн засгаа гадаад зах зээл, ханшийн савалгаанаас шууд хараат байдлыг арилгах сайн талтай. Үүний тулд эдийн засгийн загвараа бүхэлд нь өөрчилж, аж үйлдвэрийн салбарыг санхүүжилтийг танахаас эхэлнэ. “Төр засаг өөртөө ахадсан ачаа үүрдгээс эдийн засаг хохирч байна” хэмээн Ерөнхий сайд энэ тухай хэлсэн байна. Үүнээс үзэхэд зөвлөлтийн үеийн загвараар ажиллаж, алдагдалтай хэрнээ төрийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулж ирсэн олон тооны үйлдвэр хаалгаа барихад хүрснээс олон хүний амьжиргаанд хүндээр тусна. Тухайлбал, хамгийн олон хүн цомхотгохоор төлөвлөсөн нүүрсний салбарын ажилтнуудын эсэргүүцэл, тэмцэл сүүлийн нэг жилийн хугацаанд хэдэн арав дахин нэмэгдэж, уурхайчид “Бид ч гэсэн амьдарч, хооллох хэрэгтэй” гэсэн уриа барин жагсах болжээ. Ийм нөхцөлд Хятадын эрх баригчдын хувьд нийгмийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт болно. Энэ зорилгоор ажилгүйдлийн хэмжээг 4.5 хувиас доогуур төвшинд барьж, “Ядуурлыг давах” төсвийн зардлыг 43.3 хувиар өсгөсний нэлээд хэсгийг ажлаас халагдсан иргэдэд тусламж үзүүлэхэд зориулах аж. Төлөвлөгөөнд туссан зорилтуудын нэлээд хэсгийг Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган эхлэхээс өмнө нийтэд зарлажээ. Өнөөгийн эдийн засгийн хямралын эх үндэс нь дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл болон хэрэглээг зохицуулдаг арга хэрэгслүүд үүргээ гүйцэтгэж чадахгүй болсонтой холбоотой. Иймээс Хятадын эрх баригчид үйлдвэрлэлээ шинээр зохион байгуулж, бүтээгдэхүүний хэмжээг бууруулахын зэрэгцээ дотоод дахь хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийг зорьжээ. Барууны орнуудад хэрэгжүүлж буй хямралын эсрэг хөтөлбөрүүдтэй харьцуулахад энэ нь гаж мэт харагдах ч зах зээлд эрэлтгүй барааг улам олноор үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд утга учир багатай нь тодорхой. Гэхдээ хятадууд барууны орнуудынх шиг мөнгөний“зөөлөн” бодлого явуулж биш, харин нийгмийг бүхэлд нь шинэчлэх арга замыг сонгожээ. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд ядуусын тоог огцом бууруулж, хятадын бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийг улам өсгөх аж. Энэ ажлын хүрээнд иргэдийн орлогыг3-4 дахин нэмэгдүүлж, жил бүр70 гаруй сая хүний амьжиргааг дээшлүүлэх хүндхэн зорилтыг шийдвэрлэнэ гэсэн үг. Үүний тулд барууны компаниудын хувьд хямд ажиллах хүчтэй үйлдвэрлэлийн баазын үүрэг гүйцэтгэж байсныг халж, Хятадын технологид түшиглэсэн өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай юм. Үүнээс үзэхэд Хятадын улс төрчид зах зээлийн“үл үзэгдэх гар” бүхнийг шийдвэрлэхийг хүлээж суулгүйгээр аж үйлдвэрийн хувьсгалын дараагийн шатанд шилжих ажлыг хэрэгжүүлэхээр зориг шулуудсан байна.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)