“FlyDubai” зардлаа хэмнэдгээс онгоц осолдсон” гэв

 

        ОХУ-ын Төрийн Думын гадаад хэргийн асуудал эрхэлсэн тусгай хорооны тэргүүн А.Пушков Донын Ростов хотноо нисэх онгоц осолдсон нь“FlyDubai” компани аливаа зардлаа хэмнэх бодлого баримталдгаас болсон тухай твиттер хуудастаа бичжээ. Тэрбээр онгоцны нисгэгч заавал Ростовт буухаар шийдвэрлэсэн нь эмгэнэлт үр дагаварт хүргэснийг ийн тайлбарласан байна. “Нисгэгч нөөц буудалд буусан бол үр дүн нь өөр байх байв” хэмээн тэрбээр дурдсан аж. Өмнө ОХУ-ын Тээврийн сайд М.Соколов үзэгдэх орчин, салхины үзүүлэлтээс үзэхэд тухайн үед Ростовын нисэх буудалд агаарын хөлөг хүлээн авах боломжтой байсныг мэдэгдсэн аж. Гэвч осол гарсан шөнө Москвагаас хөөрсөн “Аэрофлот”-ын онгоц Ростовын нисэх буудалд гурвантаа буух оролдлого хийснийхээ дараа Краснодар дахь нөөц буудалд газарджээ. Өнгөрсөн бямба гаригт шилжих шөнө ОХУ-ын Донын Ростов хотын олон улсын нисэх буудалд Дубайгаас хөөрсөн тус улсын “FlyDubai” компанийн “Боинг-737-800” онгоц осолдсон юм. Нисэх онгоц цаг агаарын хүнд нөхцөлд газардах хоёр дахь оролдлогын үеэр газар мөргөж сүйрснээс нийт 62 хүн амь насаа алдсан аж.

 

Д.Болд

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)