Р.Кастро Б.Обамагаас Гуантанамог өгөхийг шаарджээ

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Б.Оба ма, Кубын Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн тэргүүн Рауль Кастро нар өнгөрсөн даваа гаригт уулзаж, хэлэлцээр хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Хурлын үеэр удирдагчид хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд саад болж буй санал зөрөлдөөнтэй асуудлууд болон өөрсдийн зүгээс тавьж буй шаардлагыг олон нийтэд танил-цуулсан байна. Р.Кастрогийн өгүүлснээр, Кубын ард түмний амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд учирч буй гол саад бол АНУ-ын талаас хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг аж. “Бид Б.Обама болон түүний засаг захиргаанаас эдийн засгийн хоригийн талаар барьж буй бодлого, конгресст хандаж уг шийдвэрээ цуцлахыг нэг бус удаа уриалсных нь төлөө талархлаа илэрхийлж байна” гэсэн ч эдгээр арга хэмжээ хангалтгүй байсныг өгүүлсэн байна. Тэрбээр хоёр талын харилцааг хэвийн болгохын тулд АНУ-ын тал Кубын нутгийг хууль бусаар эзэрхийлж байгуулсан Гуантанамогийн цэргийн баазаа зайлуулж, тус улсад эргүүлж өгөх шаард-лага тай гэдгийг Р.Кастро мэдэгджээ. Мөн америкчууд тус улсын иргэдээс ихээхэн хохирол амсч, бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн сонголтыг өөрч лөх гэж оролдохоо зогсоох хэрэгтэйг Кубын Төрийн тэргүүн өгүүлсэн аж. Харин Б.Обама хоёр орны хооронд ардчилал, хүний эрхийн асуудлаар санал зөрөлдөөнтэй асуудал байгааг хэлж, энэ нь эдийн засгийн хоригийг цуцлахад учирч буй гол бэрхшээл болохыг өгүүлжээ. Куба улс дахь ардчилал, хүний эрхийн асуу-далд дээд зэргээр анхаарна гэдгээ хэлсэн байна. Гэхдээ Б.Обама АНУ-ын хувьд Хятад, Вьетнам зэрэг холбоотон орнуудтайгаа ч хүний эрхийн асуудлаар санал зөрөлдөөнтэй байдгийг дурдсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч үүгээрээ айлчлалын өмнөхөн Кубад эрх баригчдаа эсэргүүцсэн жагсагчдыг саатуулсан асуудлыг хөндсөн бололтой. Харин Р.Кастро Кубад улс төрийн хоригдол байдгийг үгүйсгэж, “Яг одоо тэдгээр улс төрийн хоригдлын нэрсийн жагсаалтыг надад өг. Тийм жагсаалт байдаг бол маргааш өглөө болохоос өмнө тэд эрх чөлөөтэй болно” гэжээ. Мөн Кубын удирдагч дэлхий дахинаа хүний эрхийн талаар олон улсын бүх стандартыг хангасан улс орон гэж байдаггүйг хэлсэн аж. Хэвлэлийн хурлын эцэст Б.Обама Кубын эсрэг тогтоосон хоригоо хэзээ цуцлахыг урьдчилж хэлж чадахгүй ч удахгүй гэдэгт итгэл төгс байгаа гаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн ням гаригт Эрх чөлөөний аралд хөл тавьснаар тус улсын түүхэнд 88 жилийн дараа АНУ-ын Төрийн тэргүүн эрх барих хугацаандаа Кубад анх удаа айлчилсан юм.

 

Д.Мөнхболд

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)