Хаменеи: Иран, АНУ шууд хэлэлцээр хийх боломжгүй
- 2016-03-23
- Дэлхий
- 0

Ираны шашны тэргүүн аятолла Хаменеи тус улсын хувьд АНУ-тай шууд хэлэлцээр хийх боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Наурыз буюу Ираны шинэ жилтэй холбоотойгоор ням гаригт сүсэгтнүүдэд сургаал айлдах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. Тэрбээр “Иран, АНУ-ын хооронд шууд хэлэлцээр хийх нь Исламын бүгд найрамдах улсад хохирол учруулна” гээд АНУ-ын эрх баригчид их гүрнүүдийн оролцоотойгоор байгуулсан “Бүхнийг хамарсан хамтын төлөвлөгөө” нэртэй гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгааг өгүүлсэн аж. Аятолла Хаменеи АНУ-ын тал Ираны хувьд хориг арга хэмжээг цуцалснаар бий болох боломжийг хязгаарлаж, тус улсыг боомилох тойруу арга замыг эрэлхийлж буйг тайлбарлажээ. Тухайлбал, Ираны эрх баригчид барууны орнуудад битүүмжлэгдсэн хөрөнгөө эргүүлэн авах, мөнгөн шилжүүлэг хийхэд нь хүндрэл учирсан хэвээр байгааг дурдсан аж. “Вашингтонтой шууд хэлэлцээр хийх талаар найдлага тээж буй хүмүүс Иран улс ямар ч гэрээ байгуулсан бүх заалтыг биелүүлэх шаардлага тулгарна гэдгийг ойшоохгүй байна. Харин нөгөө тал элдэв ов мэх сийлж, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх арга эрэлхийлнэ. Бид энэ байдлыг харж байна” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)