Монгол туургатан түмний гоо бүсгүйчүүд тодров

 

Дэлхийн монголчуудын Глобал сангаас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны мисс-2016″ наадам энэ сарын 20-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ы 20 мисс оролцож буй бөгөөд тэд тэмцээний эхний өдрөө “Фото мисс”, “Мисс авьяас”, “Мисс модель” номинацид өрсөлдсөн билээ.

 

Тэгвэл өчигдөр “Corporate Hotel”-ын “Convention Center”-т болсон “Монгол туургатны мисс” тэмцээний төгсгөлийн шалгаруулалтаар ”Мисс Модель” номинацид Монгол Улсаас Мишээлт, ”Мисс Фото” номинацид Тувагаас Чечена Кыргыс, ”Авъяаслаг Мисс”-т Өвөр Монголоос А.Мөнгөнхуар, ”Мисс Бикини”-д Монгол Улсаас Ану, ”Мисс Гүүдвил” номинацид Халимаг улсаас оролцсон Д.Сарантуяа нар тус тус гоо бүсгүйн соёрхол хүртсэн байна. 

 

Тэрчилэн “Мисс Бикини”-д тодорсон Ану үзэгчдийн талархал хүлээсэн бол Чечена Кыргыс Үндэсний хувцасны мисс гэсэн алдар хүлээжээ. Харин “Монгол туургатны Мисс 2016”  наадмын тэргүүн байрын титмийг Буриадын гоо бүсгүй Арюна Жаргаловна Бубеева гардан авч, дэд миссийн титмийг Монгол Улсын Балжидмаа бүсгүй тэргүүндээ залсан байна.

 

Олон улсын миссийн тэмцээний дагуу долоон номинацид шилдгүүдээ тодруулж, оролцогч бүсгүйчүүд энэ сарын 23-нд “Мисс гүүдвил” номинацийн хүрээнд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг өрнүүлэн үндэсний компаниудаар зочлон хандив цуглуулсан билээ. Оролцогч охид Монголын үндэсний шилдэг үйлдвэр “Говь”, “Наран косметик”, “Intercharm”, “Best Shoes”, “Тагтаа” хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяндаа хөрөнгө босгосон байна. Тэд нийтдээ 10-аад сая төгрөг цуглуулжээ.

 

Хандивын энэ мөнгийг бүхэлд нь “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад зориулж байгаагаа дуулгасан билээ. Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж. Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж, энэхүү аяныг өрнүүлсэн тухай зохион байгуулагчид нь онцолсон юм. 

 

О.Заяа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)