Жон Керри В.Путинтэй уулзлаа
- 2016-03-28
- Дэлхий
- 0

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Москва хотноо хүлээн авч уулзлаа. Талууд Сирийн дайныг зогсоох асуудлыг хэлэлцсэн байна. ОХУ Женевийн хэлэлцээрийг дэмжиж, Сириэс цэргээ эргүүлэн татсан билээ. Цэргээ татсаны дараахан Жон Керри Москвад айлчилж буйг“Сирийн асуудлаар ОХУ ямар байр суурь баримтлахыг АНУ мэдэх зорилгоор Төрийн нарийн бичгийн даргаа илгээлээ” хэмээн барууны хэвлэлүүд онцолж байна. Талууд Сирийн асуудлаар хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхэд санал нэгджээ. Мөн Брюсселийн халдлага нь Сирийн асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай байгаагийн бас нэгэн дохио боллоо гэдгийг уулзалтын дараах хэвлэлийн хурлаар онцолжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Брюссельд болсон халдлага нь Сирид үүссэн асуудлыг яаралтай шийдэх, “Исламын улс” бүлэглэлийг ялахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг анхааруулсан дохио юм. Цаашид АНУ болон ОХУ нь Сирид улс төрийн шийдэлд хүрэхийн төлөө ажиллах болно” хэмээв. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ОХУ-ын бодит байдалтай Сирийн асуудал ямар ч хамааралгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-тай хийх яриа хэлэлцээрт ач холбогдол өгсөнд бид талархаж байна” гэсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)