Золбин ноход ба боломж
- 2016-03-29
- Үнэн
- 0

Саяхан дөрвөн настай хүүг зодооны зориулалтаар сургасан, тэжээвэр гэх боловч зэрлэг, догшин авиртай нохой амьдаар нь барьчихсан тухай шуугиан дэгдэж, эцэг, эхчүүдэд сэрэмж анхааруулга өгөх шиг боллоо. Үүнээс өмнө буюу зөвхөн өнгөрсөн онд нийт 6400 гаруй хүн нохойд уруулж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдсаны 40 орчим хувь нь 0-15 насны хүүхэд байсан талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн байна. Энэ бол вакцин тарилгад хамрагдсан иргэдийн тоо. Үүний цаана манайхны хэнэггүй зангаар “За гайгүй биз” гээд шархны наалт хэрэглэх ч юмуу эсвэл нөгөө хазуулсан нохойгоо барьж аваад хэдэн ширхэг үсийг тасдаж шархан дээрээ нааснаар санаа амарсан хэдэн ч тохиолдол байж мэднэ.
Өнгөрсөн амралтын өдөр МУИС-ийн хичээлийн IV байрны орчим төөрсөн 2-3 нохой дорхноо бүл нэмсээр Хятадын Элчин сайдын яамны баруун талын цэцэрлэг/урд хэсэгтэй нь харьцуулахад тэгж хэлэхэд ичмээр дамшиг даа, уг нь/ -ийн хуайс, бургасны дор түр саатахад 10-аад болон сүрэглэж амжсан байв. Хотын хөл хөдөлгөөнтэй хэсэгт л ийм байгаа юм гэр хорооллын гудамж, хогийн цэг, хотын захаар ямар байх нь тодорхой. Тиймээс хотын захиргаанаас энэ байдлыг анхаарч, золбин нохой муурыг “олзолж” тушаавал нэг бүрийг 5000 төгрөгөөр үнэлж авахаар болсон нь зөв шийдвэр санагдана. Нэгэнт хотын дотор буу шийдэм агсаад олны нүдэн дээр нохдыг устгах аргагүй учраас ийм шийд гаргасан байх. Үүнийг нөгөө талаар боломж ч гэж харж болно. Учир нь, ажил хөдөлмөр эрхэлдэггүй олон арван мянган хөгшин, залуу хүн хаа сайгүй. Тэд хамтран бүлэг байгуулдаг ч юмуу айл хөршөөрөө “ангийн бригад” болоод ажиллахад болохгүй гэх газаргүй мэт. Энэ нь амьтныг алж талах биш амьдаар нь бариад тушаачих ажил шүү дээ. Харин аюулгүй байдал, ажлын багаж хэрэгсэл нь ямар байх талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах шаардлагатай. “Олзлогдсон” золбин амьтныг очиж авах унаа тэргийг нь хотын захиргаа, холбогдох байгууллага шийдээд явбал бүр ч дөхөм болох биз.
Д.Мөнх

Сэтгэгдэл (0)