Б.Солонго: Жазз хөгжим уран бүтээлчээс маш их чадвар шаарддаг
- 2016-04-06
- Энтертайнмент
- 0

“Сахалтай...” хэмээх шинэ дуугаа сонсогч фэнүүддээ хүргээд удаагүй байгаа Улсын филармонийн дуучин Б.Солонго “Үдэшлэг” нэртэй бие даасан тоглолтоо хийхээр болжээ. “Их хотын хэмнэл” төслийн хүрээнд энэ сарын 7-нд болох тоглолтын талаар дуучин Б.Солонготой ярилцлаа.
-Тоглолтоороо ямар бүтээл хүргэхээр бэлтгэж байна вэ?
-Би Улсын филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжим, удирдаач Л.Саруулбаттай хамтран тоглолт хийхээр боллоо. Тоглолт хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт “Баянмонгол” найрал хөгжимтэй стандарт жазз уран бүтээл дуулна. Хоёрдугаар хэсэгт өөрийн урын сан дахь монгол дуунуудаасаа хүргэх юм. Жазз урсгалыг орчин үеийн хөгжмийн эхлэл гэж үздэг. Барууныхан хөгжмийн энэ урсгалыг багаасаа сонсч өсдөг юм билээ. Тиймээс жазз хөгжим баруунд илүү хөгжсөн. Ер нь жазз хөгжим уран бүтээлчээс маш их чадвар шаарддаг. Энэ урсгал Монголд хөгжөөд удаагүй байна.
-Таны тоглолт хийх болсон нь гэнэтийн мэдээ байлаа. “Үдэшлэг” тоглолтоо хэзээнээс төлөвлөсөн бэ?
-Тоглолт хийх нь миний хувьд ч гэсэн гэнэтийн үйл явдал байлаа. Улсын филармониос гаргасан хуваарийн дагуу би тоглолт хийхээр болсон. Тэр дундаа“Их хотын хэмнэл” төслийн хүрээнд уран бүтээлээ толилуулахаар болсон нь онцлог юм. Монголын өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд нийцсэн, хөгжмийн урлагийн ач холбогдлыг таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор“Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа юм. Үүний эхлэл болгон би тоглолтоо хийх гэж байна.
-Жазз уран бүтээл таны хэв маягт тохирсон юм шиг санагддаг. Ер нь хэдий үеэс энэ төрлийн уран бүтээл дуулах болов?
-Энэ төрлийн дуу миний хоолойн өнгөнд тохироод байгаа юм шиг санагдсан. Уран бүтээлч хүн эхлээд дуундаа дурлах ёстой. Жазз дуу надад зохидог эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Энэ асуултад миний уран бүтээлийг сонсдог хүмүүс л хариулах байх. Ер нь би багаасаа дуулсан. Харин жазз дууны тухайд хүүхэд байхдаа радио, телевизээр жазз хөгжим цацахаар маш их сонирхон сонсдог байсан юм. Түүнээс улбаалаад аравдугаар ангиа төгсөөд жазз уран бүтээл дуулж эхэлсэн.
-Та дууныхаа үгийг өөрөө бичдэг үү?
-Багадаа шүлэг бичдэг байсан. Одоо ч зарим дууныхаа үгийг өөрөө бичдэг.
-Бусад уран бүтээлчийг бодоход та төдийлөн ярилцлага өгч, олны өмнө гардаггүй?
-Сайн ярьж чаддаггүй юм аа. / инээв/
-Уран бүтээлч хүн нэг газар харьяалагдахаар баригдмал болохгүй юу?
-Би Улсын филармонид гурав дахь жилдээ ажиллаж байна. Ийм сайхан хамт олон дунд ажиллаж байгаадаа баяртай байдаг. Мэдээж байгууллагаас гадуур тоглолт хийх болон олон нийтийн ажилд оролцохдоо тодорхой зөвшөөрөл авдаг. Түүнээс биш бүх зүйлийг ямар нэгэн зүйлд баригдаж хийдэг гэж ойлгож болохгүй.
Б.Сийлэн

Сэтгэгдэл (0)