В.Путин Үндэсний гвард байгууллаа
- 2016-04-07
- Дэлхий
- 0

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улсынхаа Дотоод хэргийн яамны бие бүрэлдэхүүнд тулгуурлан Үндэсний гвард байгуулах зарлиг гаргажээ. Үндэсний гвард гэх хүчний шинэ байгууллага нь одоогийн СОБР буюу Онцгой байдлын алба, ОМОН буюу Хэв журам сахиулах цагдаагийн албаны үүргийг гүйцэтгэх ба ОХУ-ын Ерөнхийлөгчийн шууд удирдлага дор ажиллах юм. “Риа новости” агентлагийн мэдээлснээр Үндэсний гвардын чиг үүрэг нь терроризм, зохион байгуулалттай гэмд хэрэгтэй тэмцэхээс гадна Засгийн газрын онцгой объектыг хамгаалах, хил хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлэх, хууль хэрэгжилт, галт зэвсгийн худалдаанд хяналт тавихад оршино. Харин ОХУ-ын Дотоод хэргийн яам мансууруулах бодистой тэмцэх, цагаачлалын албыг удирдах боллоо. Оросын Үндэсний гвардыг тус улсын Дотоодын цэргийн ерөнхий командлагч генерал Виктор Золотов хариуцан ажиллахаар болжээ. Үндэсний гвардыг байгуулах болсон тухайгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Дотоодын цэргийн ерөнхий командлагч В.Золотов, Дотоод хэргийн сайд В.Колокольцев, Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих албаны дарга В.Иванов болон Цагаачлалын албаны орлогч дарга О.Егороватай өнгөрсөн мягмар гаригт уулзахдаа мэдэгджээ. Тэрбээр“Бид гүйцэтгэх засаглалын шинэ байгууллагыг байгуулна. Дотоодын цэргийн баазад тулгуурлан терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний гвардыг байгуулж байна” гэсэн байна. В.Путиний энэхүү мэдэгдлийг барууныхан “Хэмжээлшгүй эрх мэдэлтэйгээ илтгэлээ” хэмээн шүүмжлэн хүлээн авчээ.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (1)
(103.229.123.192)
Putinii zalhaan tseerluuleh army