Хан-Уул “Усан спорт сургалтын төв” нээлтээ хийлээ
- 2016-04-08
- Үнэн
- 0

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 7 дугаар сургуулийн баруун талд байрлах “Хан-Уул Усан спорт сургалтын төв” өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа болон бусад зочид төлөөлөгчид оролцон тууз хайчиллаа.
Тус төвийг Хан-Уул дүүргийн иргэдийн бие бялдарыг эрүүл чийрэг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд барилгын ажлыг “Азийн-Эрин” ХХК гүйцэтгэсэн байна.
Хан-Уул Усан спорт сургалтын төв нь 18 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар усан бассейн, фитнесс, саун гэсэн 3 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Усан бассейн нь 7*25м харьцаатай, 1,7-2м гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан. Бассейны усыг 24 цагаар озон болон хлороор ариутгадаг. Фитнесс клуб нь стандартын шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, цагт 8-10 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Сауны хувьд нь үйлчлүүлэгчдийн тав тухад нийцсэн душ болон амралт өрөөтэй цагт 1-4 хүн хүлээн авах хүчин чадалтай юм байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр тус төвд хичээллэж буй хүүхдүүд нас насны ангилалаараа мэлхий сэлэлт, араар даллах, өврөөр даллах, чөлөөт сэлэлт гэх зэрэг усан сэлэлтийн үзүүлбэр үзүүлсэн нь үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн олны анхаарлыг татлаа. Мөн урлагийн тоглолтын үзүүлбэрийг ч мартаагүй байсан нь тус төвийнхөн нээлтийн үйл ажиллагааныхаа бэлтгэлийг сайн хангасныг харуулж байсан юм. Мөн энэ баярт мөчид азтан тодруулахаа ч мартсангүй, гурван азтан тодруулж тус төвд 50 хувь хөнгөлөлттэй сурах эрхийн бичгийн эзэд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн сэтгэгдлээс хүргэвэл,
Усан спорт сургалтын төвийн захирал Ч.Хүрэлчулуун:
- Усан спорт сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд хувиасаа болон хамт олныхоо зүгээс талархаж байгаа илэрхийлье. Манай төвийн үндсэн зорилго бол иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, усан спорт сонирхогчдын хүрээг улам өргөжүүлэх, цаашлаад хүүхэд, багачуудыгаа усан спортоор сэлж сургах үндсэн зорилготой. Энэ зорилгынхоо хүрээнд бид үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд сургалтаа явуулах болно. Та бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг дахин хэлье.
Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Буяндалай:
- Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргээд юуны өмнө энэхүү сургалтын төвийг барьсан гүйцэтгэгч компанид талархал дэвшүүлье. Цалингийнхаа 10 хувийг татварт өгч байгаа хүмүүсийн татварын мөнгөөр энэ байшин баригдах санхүүжилт олгогдсон учраас энэ дүүрэгт ажилж амьдарч байгаа бүх хүмүүсийн татварын чинь мөнгө өнөөдөр усан бассейн болон босч байгаад миний зүгээс маш их баяртай байна. Энэхүү бассейны үйл ажиллагаа улам цаашаа өргөжин Хан-Уул дүүргийн иргэд энэ бассейндаа өргөнөөр үйлчлүүлж байхыг хүсч байна.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг:
- Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Нэр цохон Нисэхийнхээ иргэдэд ийм сайхан усан бассейнтэй болж байгаад баяр хүргэмээр байна. Гэр хороолол дунд баригдсан анхны стандартын сургалтын төв байх гэж бодож байна. Барилгыг гүйцэтгэсэн компани болон ажилчдад нь баяр хүргье. Энэ сургалтын төвд явж буй хүүхэд, залуучууд дотроос дэлхийд гайхагдсан олон тамирчин төрөх болтугай гэж ерөөе. Та бүхний ажилд амжилт хүсье.

























Сэтгэгдэл (0)