Эрүүл мэндийн салбарын хөгжилд ҮЭ-ийнхэн түүхэн үүрэг гүйцэтгэсэн

        Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо \МЭМАҮЭХ\ үүсч хөгжсний  90 жил ойгоо тус холбооныхон энэ сарын 10-нд тэмдэглэх гэж байна. 90 жилийн тэртээ “Эмнэлгийн  хөдөлмөрийн үйлдвэрчний эвлэлийн холбоо” нэртэйгээр үүссэн  эвлэл маань өдгөө үндэсний хэмжээний, мэргэжил салбарын үйлдвэрчний эвлэл болон өргөжиж эгнээндээ 20 гаруй мянган гишүүнийг нэгтгэжээ.  Энэхүү ойн баяр бол мэргэжил салбарын ҮЭ-ийн байгууллагын үүсэл, тулгын чулуугаа тулсан баяр төдийгүй Монгол улсад Эрүүлийг хамгаалах салбар үүсч хөгжсөн түүхэн хөгжлийг хамтдаа бүтээсний баяр.  Энэ талаар тус холбооны дарга Б.Мягмар:

 

“Ардын хувьсгалын дараах он жилүүдэд манай улсад орчин үеийн шинжлэх ухаан бүхий анагаах ухаан хөгжихөд ард олны хандлагыг бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх гээд ямарваа шинэ ажлын эхлэл бүхэнд байдаг бэрхшээлийг даван туулахад тухайн үеийн ҮЭ-ийн байгууллага түүхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Бид түүхт ойгоо тэмдэглэхийн өмнө ҮЭ-ийн үе үеийн удирдлага, сонгуультнуудын санаачлага, үйл ажиллагаа нь салбарын түүхэн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж үүслийн төдий байхаасаа тухайн цаг үедээ хамгийн хүчирхэг, өндөр зохион байгуулалт бүхий эвлэл байсан гэдгийг түүхэн эх сурвалж бүхий баримтат кино, ном сэтгүүл бүтээх ажлынхаа явцад илүү  мэдлээ.  Зарим хүмүүс “тэгш, том ойг яагаад хавар тэмдэглэв. Намар тэмдэглэхгүй” гэх янзтай. Бидэнд  түүхийг өөрчлөх эрх байхгүй. 90 жилийн тэртээ буюу 1926 оны дөрөвдүгээр сарын 10 ны өдөр “Эмнэлгийн  хөдөлмөрийн үйлдвэрчний эвлэлийн холбоо” нэртэйгээр зохион байгуулах шийдвэр гарч байсан байдаг. Тиймээс түүхт ойгоо зөв цаг хугацаанд нь тэмдэглэх нь дараагийн 90 жилийн түүхийн хуудсын эхлэлийг үнэн зөв нээхэд чухал учраас бид энэ л өдрөө тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин маргааш  эхлэх дараагийн 90 жилийн түүхэн хуудсыг бид эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж буй зөрчил, дутагдлыг  жагсаан нэрлэж тэдгээрийг шийдвэрлэх зорилгоор ажлынхаа гараагаар  эхлэх гэж байна” хэмээн ярилаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)