А.Бадамдорж: Хохирлын хэмжээг уурхайхан тооцож гаргана
- 2016-04-12
- Үнэн
- 0

Дорнод аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун”-ы нүүрсний уурхайд гал гарч арав дахь хоногтоо үргэлжилж байна. Галын талаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 52 дугаар ангийн захирагч, хошууч А.Бадамдоржоос тодрууллаа.
-Уурхайн галын нөхцөл байдал ямар байна. Гал хэдий хэмжээний талбайг хамраад байна вэ?
-Гал анх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гарч, бид 4-нд галын 50 хувь, 6-ны өдөр 70 хувийг унтраасан ч салхи ихтэй байгаагаас галыг бүрэн дарж амжаагүй байна. Өнөөдөр / Өчигдөр/ галын үлдсэн 20 хувийг унтраахаар ажиллаж байна. Одоогоор аймгийн Гал унтраах ангийн алба хаагчид, уурхайн ажилчидтай галын голомтод ажиллаж байна. Гал уурхайн 30 орчим га талбайг хамарсан.
-Гал гарах нөхцөл шалтгаан нь юу байв. Урьдчилсан байдлаар хохирлыг тооцож гаргасан уу?
-Ил уурхай байнгын хуурайшилттай байдаг. Үүнд хаврын салхи нөлөөлж гал гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Хохирлын хэмжээг уурхайнхан тооцож гаргана.
Б.Цэцэг

Сэтгэгдэл (0)