Сонирхлоос солиоролд хөтөлсөн “Цагаан тахал”
- 2016-04-12
- Нийтлэл
- 0

-МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ, БОДИСЫН ҮЙЛДВЭРЛЭЛ СҮҮЛИЙН 15 ЖИЛД ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ-
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулсан тухай мэдээлэл сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байна. Жишээлбэл, энэ сарын 56нд ЭЦГын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж борлуулдаг, өөрсдөө хэрэглэдэг бүлэглэлийг үйлдэл дээр нь баривчилж, шалгаж эхэлсэн байна.
Тэд Тусгай ажиллагааны алба хаагчид эрэлч нохойтой хамтарч, мөн өмнөд хөршөөс бэлэглэсэн тусгай багаж хэрэгслээр дээрх сэжигтэй 13 этгээдийн цус, шээснээс сорил авч шинжлэхэд мансууруулах бодис илэрчээ. Тэдэнд эрүүгийн хуулийн 192.3.4 т заасан давтан үйлдлээр их хэмжээний хар тамхи хууль бусаар олж авч, хэрэглэсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хил нэвтрүүлсэн гэх үндэслэлээр сэжигтнээр татан шалгаж байгаа аж. Энэ мэтчилэн өнгөрсөн онд 169 холбогдогчтой 79 гэмт хэрэг, энэ оны эхний улиралд 46 холбогдогчтой 46 гэмт хэргийг тус тус шалгаж байгаа аж. Байцаагч сэжигтнүүдээс яагаад хар тамхи хэрэглэх болсон шалтгааныг тодруулахад олонх нь “сонирхоод” гэж хариулдаг байна.
Оюутан сурагчдын дунд явуулсан судалгаагаар ч мөн адил сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн гэх өсвөр үеийнхэн бас л “Цавуу, шатахуун, зэрэг мансууруулах бодис хэрэглэсэн хүүхдүүд тэнгэрээс тасарч, хий хоосон дуу чимээ сонсдог гэхээр нь сонирхоод хэрэглэж үзсэн” гэж хариулсан байх. Тэр ч байтугай өвөрмөц шинэ дуу хоолойгоор бусдад танигдаад байсан “Ехtacy” гэх охидын хамтлагийн гишүүн хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байдаг. Тэрбээр “Манай хамтлагийн нэр мансууруулагч гэсэн нэртэй болохоор сонирхоод хэрэглэж үзсэн” хэмээн байцаагчийн өмнө хэнэг ч үгүй зогсч байсан гэдэг.
Ер нь сонирхлоос солиролд хөтлөх “цагаан тахал”ын загалмайлсан эцэг нь мөн л урлагийн томоохон поп дуучин байдаг гэлцдэг. Түүнийг бататгах гэсэн мэт “Ice top”, “Дижитал”, “Гайс” зэрэг хамтлагийн гишүүд хар тамхины хэрэгт шалгуулж, зарим нь “аавын хаалга” татаад амжсан. Ер нь хар тамхины хэрэгт “томчууд”ын хүүхдүүд өртөж, хэл амны бай болох нь олонтаа. Хар тамхи борлуулагчид эхлээд хүүхэд, залууст үнэгүй хэрэглүүлж дасал болгоод донтоод ирэхээр нь худалдаалдаг гэх яриа бий. Донтсон хүмүүс мөнгө олохын тулд хулгай дээрэм, бусдын эд хөрөнгөд шунаж хүний амь нас хөнөөх зэрэг балмад үйлдэл гаргадаг байна. Дээрээс нь бие эрхтэн нь маш ихээр өвдөж, өөрийгөө удирдах чадваргүй болж эцэс сүүлдээ эрэмдэг нэгэн болдгийг ойлгохгүй байх шиг. Дэлхий нийтээр хүмүүс ХХ зуунаас эхлэн мансууруулах эм, бодисыг хууль бусаар хэрэглэх нь ихэсч, түүний нөлөөгөөр гэмт хэрэг, хүчирхийлэл улам их гарах болсон. Үүнээс шалтгаалан дэлхий дээр жилд гурван минут тутамд нэг хүн амь насаа алдаж байгаа гэх тоон үзүүлэлт байна. Мансууруулах эм, бодисыг хууль бусаархэрэглэхийн эсрэг дэлхий нийтээр тэмцэж байна гэх боловч хэрэглэгчийн тоо буурахын эсрэг өсөлттэй байгаа нь айдас төрүүлсээр... Хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын эдийн засаг, хууль эрх зүй болон бусад сул талуудыг ашиглан зохион байгуулалттай гэмт бүлэг, бүлэглэлүүд мансууруулах бодисын үйлдвэрлэлээ эдгээр улсууд руу шилжүүлдэг байна.
НҮБын судалгаагаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд гурав дахин нэмэгджээ. Манай улс Мансууруулах бодисын тухай конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид 1999 онд, Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг Нэгдсэн үндэсний конвенцид 2001 онд тус тус нэгдэн орсон байдаг. Дээрх конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор холбогдох хууль, журам гарган мөрдөж байгаа ч нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа учраасасуудлыг бүрэн зохицуулахад дутагдалтайг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагынхан хэлдэг.
Өнөөдөр улсын хэмжээнд хэчнээн хүн мансууруулах эм, бэлдмэл хэрэглэсэн талаар явуулсан судалгаа байхгүй. Холбогдох байгууллагуудын хийсэн судалгаа, статистик мэдээллээс үзэхэд 1999 онд 1000 хүнээс 45 хүн хэрэглэж үзсэн, байнгын хэрэглэгч дөрөв, өдөрт нэг удаа хэрэглэдэг 28, хааяа хэрэглэгч 13 хүн байжээ. Харин 2015 онд 169 холбогдогчтой 79 гэмт хэрэг, энэ оны эхний улиралд 46 холбогдогчтой 46 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн нь нийт хэрэглэгчийн албан ёсны тоо 700 гарсан гэсэн үг. Зөвхөн судалгаагаар болон гэмт хэрэгт холбогдсон иргэдийн тоон судалгааны цаана мансууруулах бодисыг хууль бусаар олж авч хэрэглэх, хадгалах, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх асуудал нуугдмал, зохион байгуулалттай өрнөсөөр байна.
Өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар нийслэлд архи, тамхины хэрэглээ өндөр үзүүлэлттэй гарсан төдийгүй бусад мансууруулах эм бэлдмэлийг хэрэглэдэг байна. Судалгаанд хамрагдсан 24 хүртэлх насныхны 44.6 хувь нь архи, 40.3 хувь тамхи, 2.9 хувь нь шатахуун, цавуу, 1.8 хувь нь ганнабис, 0.9 хувь нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Судалгааны явцад нийт 436 оюутан, сурагчид мансууруулах төрлийн эм бэлдмэл хэрэглэх санал ирж байжээ. Мөн 2011 онд Хууль зүйн яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч өсвөр үеийнхний дунд мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэгийн төвшинг тогтоох судалгаанд нийслэл, орон нутгийн 3018 хүүхэд, залуусыг хамруулснаас 3.3 хувь нь буюу 99 хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэх судалгааны дүн гарчээ.
Б.Цэцэгдэлгэр

Сэтгэгдэл (0)