Ш.Лхагвасүрэн: Монгол улсад 600 орчим хүн хар тамхи хэрэглэдэг
- 2016-04-13
- Үнэн
- 0
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийг үүсгэн байгуулагч доктор, профессор Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Хар тамхины хор, хөнөөлийн талаар мэдээлэл өгнө үү. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Хар тамхи юуны түрүүнд сэтгэцэд нөлөөлдөг. Хэрэглэсэн хүнд хар тамхийг дахин хэрэглэх хүсэл бий болж, сэтгэц нь хар тамхины хамааралд ордог. Хар тамхи хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, хар тамхи хэрэглэдэг хүн маш өндөр үнээр эрүүл мэндээ алдана гэсэн үг. Хүүхэн хараа томорч, хамрын салст гэмтэнэ. Ам хамрын хөндий, төвөнх, улаан хоолой гэмтэж, цаашлаад арьсан дээр тууралт гардаг. Судсаар хэрэглэж байгаа үед судсыг “иддэг”. Мөн элэг, бөөр, дэлүү гээд бүх эрхтэнд нөлөөлнө. Татаж хэрэглэхэд уушги тэлэх, уушгины хорт хавдартай болох тохиолдол элбэг. Үүнээс гадна удамд нөлөөлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрдөг. Манай нийгэмлэг “Глобал фанд”ын дэмжлэгтэйгээр ДОХын төсөл хэрэгжүүлж байна. Учир нь, хар тамхи судсаар хэрэглэдэг хүн ДОХын халдвар авах эрсдэл өндөр. Дэлхийд 30 гаруй сая хүн ДОХтой гэх тоо бий. Тэдний олонх нь хар тамхи хэрэглэж байгаад ДОХын халдвар авсан гэх судалгаа байдаг. Жишээлбэл, ОХУд ДОХ той хүмүүсийн 90 гаруй хувь нь хар тамхийг судсаар тарьж байгаад халдвар авсан бол Хятадад дээрх үзүүлэлт 75 хувьтай байдаг.
-Монголд хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага хэр олон байдаг бол?
-Манайхаас өөр байдаггүй. Эрсдэл өндөртэй, санхүүжилт байхгүй. Манайд хандаж буй хүмүүс хулгай дээрэм хийх, худлаа хэлэх зэрэг асуудалтайн дээр түрэмгий зантай, уур уцаартай байдаг. Манай нийгэмлэг тэдэнд зөвлөгөө өгч, зан үйлийн сургалт явуулдаг. 17 жилийн хугацаанд зан үйл нь өөрчлөгдсөн хүн олон бий. Төр, засгаас бидэнд санхүүжилт олгодоггүй. Хууль зүйн яам манай нийгэмлэгийг 17 жил ажиллаж байхад нэг ч удаа төсөл хөтөлбөр өгч байгаагүй. Би Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай уулзаж, хэд хэдэн асуудал тавсан боловч одоог хүртэл нэг нь ч биелээгүй.
-Танай нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хэдэн хүн хандаад байна. Тэдэнд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш манай байгууллагаар 120 хүн үйлчлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 12 хүнийг хорт зуршлаас нь ангижруулж чадсан. Одоогоор зөвхөн хар тамхийг судсаар тарьж хэрэглэдэг хүмүүст үйлчилгээ үзүүлж байна. Учир нь, хүмүүс тариураа дундаа хэрэглэдгээс ДОХын халдвар авах эрсдэл өндөр байдаг. Харин манайд энэ байдал үгүй болсон. Бусад төрлийн хар тамхи хэрэглэдэг хүмүүсийг хүлээж авах хүчин чадалгүй байна.
-Хар тамхи хэрэглэсэн хүн ямар үйлдэл гардагдаг вэ. Нийгэмд ямар хор уршигтай вэ?
-Манайд хандаж үйлчлүүлж байсан хүмүүсээс 11 нь нас барсан. Шалтгаан нь хугацаа нь дууссан морфин хэрэглэх, эсвэл тунгаа хэтрүүлэх, морфин тасарснаас амьсгалын зам нь боогдож нас барж байна. 11 хүн нас барна гэдэг маш өндөр тоо. Манайх СЭМҮТд өнгөрсөн онд гурван хүн эмчлүүлсэн. Тэдний хоёр нь гарч чадаагүй. Хар тамхинд донтсон хүнд эмчилгээнээс гадна нийгэмшүүлэхэд маш урт хугацаагаар шаарддагддаг. Гэтэл нийгэмшүүлэх ажил манайд алга. Үүнийг ганцхан манай байгууллага явуулдаг. Хар тамхинд донтсон хүн эдийн засгаар хохирч байна. Хар тамхи өндөр үнэтэй. Түүнийг олж авахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олохын тулд гэмт хэрэг үйлдэж, тэр нь нийгэмд муугаар нөөлөөж байна. Мөн нэг гр геройн 200250 ам.долларын үнэтэй. Өдөрт нэг грыг хэрэглэхэд 500 мянган төгрөг гэх мэтээр ядуурлыг бий болгож байна.
-Монголд ямар бодис түлхүү оруулж ирдэг вэ. Хүмүүс ямар төрлийн хар тамхийг голчлон хэрэглэдэг вэ?
- Олсны ургамлын дэлхий нийтийн хэллэг нь “каннабис”. Энэ нь хар тамхины гол төлөөлөгч. Тухайлбал, Америкт марихуан, Орост канибал гэж нэрлэдэг. Ингэж өөр өөр нэршилтэй байхын учир нь хар тамхины нууц хэрэглээтэй холбоотой юм. Манайд эктас гэдэг солиоруулдаг бодисыг 28 хувь нь хэрэглэж үзсэн байдаг. Сүүлийн үеийн хэрэглээ өөрчлөгдөж байна. Морфин хэрэглэх нь багасч грен, кокейн, ICE гэх мэтийн сентетик гаралтай бодисыг ихээр хэрэглэх болж байна.
-Монголд хар тамхи хэрэглэдэг хэчнээн хүн байна вэ. Энэ талаар нэгдсэн судалгаа бий юү?
-Монголд үндэсний хэмжээний судалгаа байдаггүй. Манай нийгэмлэг 1999 онд судалгаа хийж, энэ нь Монголд хийсэнхар тамхины анхны судалгаа болсон. Түүнээс хойш 10 гаруй судалгаа хийсэн. Харин 2015, 2016 оны судалгаа хийгээгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монгол Улсад 600 орчим хүн хар тамхи хэрэглэдэг гэх судалгаа бий. Энэ нь манай нийгэмлэгт хандаж буй шинэ хүмүүсээ нэмж гаргасан тоо. Тэгэхээр нэг хэрэглэгчийн цаана дөрвөн хүн байдаг гэж үзвэл 2400 хүн Монголд хар тамхи хэрэглэж байна гэж үзэж болохоор байна. Үүний цаана судалгаагаар илрээгүй нууц хэрэглээ бий гэж үзвэл маш өндөр тоо гарна. Мөн уг судалгаанаас харахад хар тамхи хэрэглэдэг хүмүүсийн 90 орчим хувь нь сониуч зангаасаа болж хэрэглэсэн байна. 2016 он гарсаар хар тамхи хэрэглэдэг 40 хүн гэмт хэрэг хийж, 200 орчим хүн холбогдсон байна. Хар тамхины асуудал үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрээд байхад нэг ч хүн анхаарал хандуулахгүй байна.
-Хар тамхитай тэмцэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Хамгийн түрүүнд Монгол Улсад хар тамхины тухай биеэ даасан хууль хэрэгтэй. Хуулиа дагасан хар тамхитай тэмцэх хороо байгуулж, тэр нь бүх ажлыг зохицуулж, бодлогоор зангидах ёстой. Мөн хөтөлбөртэй болох хэрэгтэй. Бид 20032005 он хүртэл хөтөлбөртэй байсан. Гэтэл уг хөтөлбөр санхүүжилтгүй болоод зогссон. Хар тамхитай тэмцэхэд хязгаарлах, хэрэглээг багасгах, эрэлт хэрэгцээг бууруулах гэсэн гурван үндсэн арга байдаг. Монголд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс хязгаарлах ажлыг сайн хийдэг. Гэтэл урьдчилан сэргийлэх ажил хийгдэггүй. Энэ нь санхүүжилт, нэгдсэн бодлого байхгүйтэй холбоотой.
-Хар тамхийг ямар давхаргын хүмүүс түлхүү хэрэглэдэг вэ?
-2010 онд хийсэн судалгаанаас харахад баячуудын хүүхдүүд хэрэглэгч, дунд амьдралтай айлын хүүхдүүд зуучлагч, ядуу айлын хүүхдүүд дамжуулагч болох хандлагатай байна. Энэ судалгаагаар 436 хүүхдэд хар тамхи хэрэглэх санал ирсэн байдаг.
-Гадаадын их, дээд сургуульд сурч байсан хүүхдүүд Монголд хар тамхийг оруулж ирж байна гэдэг?
-Манай судалгаагаар ихэвчлэн гадаадад сурч байгаа хүмүүс хар тамхи хэрэглэгч болж байна. Тэднийг Монголд ирэхэд эмчлэх газар олддоггүй. Бид гадаадад сурч байгаа оюутнуудад хандаж “Хэрвээ мансууруулах бодис хэрэглэсэн байвал бид санхүүжилтээ татна” гэсэн өгүүлбэрийг гэрээндээ нэмж оруулаач гэсэн албан бичгийг БСШУны сайдад явуулсан. Гэвч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна.
-Бага насны хүүхдүүд гааз, цавуу үнэрлэх нь элбэг болсон. Энэ нь ямар хортой вэ?
-Хар тамхийг дэлхийн хэмжээнд НҮБын гурван конвенц зохицуулж байдаг. Тухайлбал, 1961 оны Мансууруулах бодисын тухай, 1971 оны Сэтгэцэд нөлөөт эм бодисын тухай, 1988 оны Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын эргэлтэд хяналт тавих тухай конвенц байдаг. Энэ гурван конвенцид нэр дурдсан бодисыг хар тамхи мансууруулах бодис гэж үздэг. Гэтэл нэр дурдаагүй хэр нь мансуурал үүсгээд байгаа архи, тамхи, цавуу, гааз нь ахуйн хэрэглээний зүйлс. Гэтэл үүнийг бага насны хүүхдүүд буруу хэрэглэж байна. Тэдгээрийг хэрэглэж болохгүйг эцэг, эхчүүд хүүхдэдээ маш сайн ойлгуулах ёстой. Гааз, цавуу нь ахуйн хэрэглээний зүйлс учир таслан зогсоох боломжгүй. Гааз үнэрлэсэн тохиолдолд хий уушгинд хүрч, амьсгалыг боогдуулснаар хүн нас бардаг. Бага хэрэглэсэн ч ямар нэгэн согогтой болгох хортой. Өөрөөр хэлбэл, хамрын салст гэмтэн, үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах, ой ухаан муудах хортой.
-Монголд хар тамхи хэрэглэсэн хүнээс шинжилгээ авч, илрүүлэх лаборатори бий юү. Хар тамхи хэрэглэдэг хүнийг яаж илрүүлдэг вэ?
-Хар тамхи хэрэглэсэн хүнээс шинжилгээ авч илрүүлэх лаборатори СЭМҮТ, Цагдаагийн байгууллагад бий. Манайд байхгүй. Хэрэг лэсэн гэж хандсан хүнийг хар тамхи хэрэглэдэг эсэхийг ярилцах, зураг зуруулах зэрэг ерөнхий аргаар тогтоодог. Тариагаар хэрэглэдэг хүн бол судас нь эрээн болсон байдаг. Манайх ДОХтой эсэхийг тестээр үзэж хэдхэн минутад хариуг нь гаргадаг. Хар тамхийг ч илрүүлэх тийм тест бас бий.
М.Энхцэцэг

Сэтгэгдэл (1)
(103.9.90.98)
Сүүлийн 20 гаÑÑй жил Ñ Ð°Ñ ÑÐ°Ð¼Ñ Ð¸Ñай ÑÑмÑÑж Ñваа Ð³Ð°Ð½Ñ ÑмÑгÑÑй. ÐоÑилгооÑоо Ð¾Ð³Ñ ÑÑ Ð°ÑÑ Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð°Ð³Ò¯Ð¹ Ñ Ò¯Ð½. ÐÐ¼Ð¶Ð¸Ð»Ñ Ñ Ò¯ÑÑе