Тайландаас жишээ авъя

 

        Согтуугаар автомашин жолоодож яваад... Энэ бүхний ард гунигтай төгсгөл, эмгэнэл, харуусал, хагацал байдаг. Бүр халуун амь, нулимс, уй гашуу, нэгэн насанд үл мартагдах хар толбо ч бий. Согтуугаар машин жолоодохыг хориглож, торгож, шийтгэж, хуулийг нь чангалаад ч согтуу жолоочийн балгаас амиа алдагсдын тоо цөөрсөнгүй.

 

Өнөөдөр согтуугаар хэдэн хүн машин жолоодож яваа бол, автозамаар явган зорчиход аюултай эсэхэд түгшиж, сургууль, цэцэрлэгт явсан хүүхдээ орой эсэн мэнд ирээсэй гэж залбирч хэдий болтол түгшүүртэй амьдрах вэ.

 

Тайланд улсад согтуугаар машин жолоодсон иргэдийг хүүр хадгалах газарт албадан хөдөлмөр эрхлүүлэх хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Хуулийн зорилго нь та согтуугаар машин жолоодсоноор ямар аймшигт зүйлд өртөх, бусдыг хохироохыг мэдрүүлэх зорилготой аж. Тэд ийм гарцыг сонгож, согтуугаар автомашин баригчдыг шийтгэхээс гадна сэтгэл зүйн хувьд нийгмийг гэмшүүлэх, ухамсарлуулах зорилт тавьж байна. Манай улсын хувьд согтуугаар автомашин жолоодож, бусдын биед хөнгөн болон хүнд гэмтэл учруулагсад, амь насыг хохироогсод хэдэн жилээр хоригдож, торгуулийн арга хэмжээ авахуулаад л өнгөрдөг. Танил талтай нь нэг их удахгүй жолооны үнэмлэхээ сэргээлгэж, нэг болсон юм хоёр болохгүй яадаг юм гэсэн ухамсраар асуудалд ханддаг. Согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргаж, иргэдэд хохирол учруулж, бусдын амь насыг бүрэлгэснийхээ дараа бүх бурууг архи руу түлхэж, хяналт тавиагүй автозамын цагдааг буруутгана. Цагдаа ажлаа хийж байсан бол, намайг торгоод явуулаагүй бол, хэрэв шөнө дөлөөр цагдаа таараад зогсоосон бол гэсэн гоморхол хөвөрнө. Гэтэл бүх хэргийн буруутан жолооч та өөрөө. Жаахан архи амслаа л бол машинтай гэдгээ мартах ёстой.

 

Ямар ч чанга шийтгэл, хуулийн заалт согтуугаар автомашин жолоодогсдын тоог цөөлсөнгүй. Тэгэхээр одоо яах вэ. Дээрх жигшүүлэн цээрлүүлэх аргын хэм хэмжээг тохируулан албадан хөдөлмөр хийлгэж, өөрийн орны онцлог, иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх замаар хэрэгжүүлж болмоор санагдана. Үгээр болохгүй бол тэлээгээр гэсэн аавуудын зарчим байдаг. Яг л үүн шиг хуулиар болохгүй бол сэтгэл зүйгээр нь засах гээд үзэж болох биш үү.

 

Д.Лхагва-Очир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)