Хятадад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчээ
- 2016-04-12
- Дэлхий
- 0

Хятадад хүнсний бүтээгдэхүүний үнэ оны эхэн үеэс огцом өсчээ. БНХАУ-ын инфляцийн төвшинг тодорхойлдог хэрэглээний үнийн индекст хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеийнхээс найман хувиар өссөн бөгөөд өнгөрсөн сард 2.3 хувиар өсч, худалдан авалт 5 хувиар буурсан үзүүлэлт гарсан юм. Мах, махан бүтээгдэхүүн болон хүнсний ногоо өндөр үнэтэй байгаа нь худалдан авагчдад дарамт үүсгэж байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт улирлын чанартай учраас удахгүй үнэ тогтворжино, харин түүхий эдийн үйлдвэрлэл болон үл хөдлөх хөрөнгийн хувьд ойрын хэдэн сард сэргэх явц удаан байна гэжээ. Сингапурын“Коммэрц” банкны эдийн засагч Жоу Хао “Үл хөдлөх хөрөнгө, хүнсний бүтээгдэхүүний үнэ ирэх саруудад ч өснө, хэрэглээний үнийн индекст шоконд оруулах үзүүлэлт ч гарч магадгүй гэхдээ бидний хувьд Хятадын инфляцийн асуудал санаа зовоход хэтэрхий эрт байна. Хятадын эрх баригчдын хамгийн ойрын зорилго нь инфляцийг тогтворжуулах учраас Төв банк хоёрдугаар улиралд бодлогын хүүгээ бууруулах байх” гэсэн таамаг дэвшүүлсэн аж. Түүнчлэн Хонконгийн “Стандарт Чартер” банкны ахлах эдийн засагч дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд эрэлт тогтмол буурч түүхийн эдийн зардалын үнэ өндөр байгаа учраас үйлдвэрүүд их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа учраас эхний ээлжинд инфляцийг одоогийн төвшинд тогтоон барих нь эн тэргүүний асуудал гэжээ.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)