Г.Сэдэдцэрэн: Барилгын хөөсөнцөр шатсан

 

        Өнгөрсөн даваа гаригт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт их хэмжээний гал гарсан юм. Энэ талаар НОБГ-ын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Сэдэдцэрэнгээс тодрууллаа.

 

-Шинээр барьж буй барилгад гал гарсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Баянзүрх дүүргийн XXV хороонд “Барилгын нэгдүгээр давхарт гал гарч байна” гэх дуудлагын дагуу энэ сарын 11-нд 15.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийнхан очиж ажилласан. Тухайн газарт очиход шинээр барьж буй барилгын нэгдүгээр давхарт хураалттай дулаалгад ашиглах гэж байсан хөөсөнцөр шатаж, их хэмжээний утаа гарсан байсан. Нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 14 дүгээр анги ажиллаж, галыг тархаалгүй бүрэн унтраасан.

 

-Галын шалтааныг тогтоосон уу. Гал хэр хүрээг хамарсан бэ?

 

-Галын шалтгаан, хохирлын хэмжээг ЦЕГ-аас тогтооно. Галын тархалтын хувьд хураалттай хөөсөнцөр шатсан. Ер нь барьж буй барилга байгууламжийн талбайн инженер ажилчдад ажилд гарах, тарах үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын зааварчилгааг заавал өгсөн байх ёстой.

 

-Он гарсаар обьектын гал түймэр хэр олон гарч байна вэ?

 

-2016 он гарсаар обьектын гал түймрийн дуудлагын тоо 20-30 хувиар буурсан. Гэвч дулаарч байгаа болохоор айлууд зусландаа гарч хог, шар өвс шатаах явдал гардаг. Үүнээс үүдэж орон гэрээ шатаах, цаашлаад амь насаа алдах тохиолдол өнгөрсөн жилүүдэд гарч байсан. Үүнтэй холбогдуулан хог болон шар өвс шатаахгүй байх талаар НОБГ-ын даргын тушаал гарсан. Мөн хуурайшилтын зэрэг нэлээд өндөр байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангахгүй бол ой хээрийн түймэр гарах магадлал өндөр байдаг юм.

 

-Гал түймрийн улмаас амь насаа алдсан тохиолдол бий юү?

 

-Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 8-нд гарсан гал түймрийн улмаас 53 настай иргэн амь насаа алдсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн улмаас амь насаа алдсан тохиолдол таван хувиар буурсан ч санамсаргүй байдлаар амь насаа алдах тохиолдол гарч байна.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (37.220.133.161)

    2016-04-13

    Tamhi tatagchidiin zambaraagui uildelees boloo biz dee.