Сэтгүүлч М.Батбилэгийн гэр бүлд туслах хандивын тоглолт маргааш болно

 

        ТВ9 телевизийн "Монгол коммент" нэвтрүүлгийн үндсэн хөтлөгч М.Батбилэг өдгөө ар гэрийн шалтгааны улмаас нэвтрүүлгээ хөтлөхгүй байгаа. Учир нь түүний хайрт хань Г.Наранбилэг нь зөөлөн эдийн хорт хавдар гэсэн оноштойгоор Тайланд улсад хоёр удаа эс авахуулах хагалгаанд ороод, одоо БНСУ-д эмчлүүлж байгаа юм. Зөөлөн эдийн хавдар гэх энэ өвчин эдгэрдэг өвчин бөгөөд Солонгос эмч нар эмчлэх боломжтой гэсэн учраас Солонгос улсад өндөр үнэтэй химийн тариа хийлгэж эмчлүүлж байгаа юм. Тиймээс "Монгол коммент" нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэгийн хоёр дах гэр бүл болох ТВ9 телевизийнхэн түүний гэр бүлд туслахаар "Элэг бүтэн амьдралын төлөө" нэгдэцгээе хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

 

 

Тоглолтын талаар бид ТВ9 телевизийн  “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийн албаны дарга С.Ганбаяраас тодрууллаа.

 

-"Элэг бүтэн амьдралын төлөө" нэгдэцгээе хандивын тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-"Монгол коммент" нэвтрүүлгийн үндсэн хөтлөгч М.Батбилэгийнхээ гэр бүлийн хүнд туслах зорилгоор манай телевизээс "Элэг бүтэн амьдралын төлөө" нэгдэцгээе хандивын тоглолтыг энэ сарын 15-нд буюу маргааш 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болсон. Учир нь түүний хань Г.Наранбилэг нь зөөлөн эдийн хорт хавдар гэсэн оноштойгоор Тайланд улсад хоёр удаа эс авахуулах хагалгаанд ороод, одоо БНСУ-д химийн эмчилгээ хийлгэж байгаа. Нэг удаа химийн тариа хийлгэхэд 9.5 сая орчим төгрөгийн зардал гардаг юм байна лээ. Зургаан удаа 21 хоногийн зайтай уг тариаг хийснээр нэг курс эмчилгээ болдог гэсэн. Одоогоор жил гаран хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Тиймээс бид энэхүү хандивын тоглолтыг зохион байгуулж байгаа. Сайхан сэтгэлт монголчууд маань дан ганц тасалбар аваад зогсохгүй. Их бага гэлтгүй сэтгэлийн хандив өргөж байгаад бид бүхэн талархаж байгаа.

 

-Тоглолт хэзээ, хаана болох вэ?

 

-"Элэг бүтэн амьдралын төлөө" нэгдэцгээе хандивын тоглолт маань энэ сарын 15-нд буюу маргааш 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

 

-Тоглолтод ямар ямар уран бүтээл оролцох вэ?

 

-Тоглолтод МУГЖ С.Батсүх, Н.Чулуунхүү, У.Далантай, Л.Болдбаатар, С.Жавхлан, МУСТА Г.Эрдэнэчимэг Н.Энхбат, Б.Батболд, Х.Батмэнд, П.Идэржавхлан, Я.Гэрэлчулуун, Л.Сөрөлт, П.Жимсээ гэх мэт ард түмний хайр хүндэтгэлийн хүлээсэн маш олон уран бүтээлчид оролцоно.

 

-Тасалбарын үнэ хэд вэ?

 

-Бид хандив өргөхийг хүссэн хүмүүст дарамт үзүүлэхгүйн тулд тасалбарыг 15000 төгрөгөөр худалдаалж байгаа.

 

-Тоглолт үзэж чадахгүй ч хандив өргөхийг хүссэн хүмүүс ямар байдлаар хандив өргөх боломжтой вэ?

 

-Монголчууд хандиваа М.Батбилэгийн нэр дээрх Хаан банкны – 5007453924 тоот данс, голомт банкны 109126632, Солонгосын Woori bank 1002-155-362133 Myagmarjav Batbileg данс руу шилжүүлэх боломжтой.

 

 

Т.Гэрэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)